|

Л.Болд: Өнөөдрийн нийгэмд намын оронд мафийн сүлжээ ажиллаж байгаа

Ардчилсан хөдөлгөөнд оролцон улс төрийн гараагаа эхэлж, сүүлийн 28 жилийн хугацаанд их улс төрөөс сөөм холдоогүй энэ эрхэм Монголд кино одоос дутуугүй танигдан өөрийн гэсэн дүр төрхийг бий болгож амжсан нэгэн билээ. Сонгуулийн зах зээл дэх Лу.Болд хэмээх "брэнд” улстөрч өндөр боловсролтой, болгоомжтой, төлөв түвшин, эвийг сахигч, санхүүгийн эмзэг салбар буюу банкны бизнес эрхлэгч гэсэн супер тодорхойлолттойгоор өнөөг хүрээд байв. Гэтэл 2018 оны сүүлчээр олон нийтийн дунд тогтсон дүр төрхөө огцом өөрчилж орхисон. Одоо тэрбээр дэглэмийг эсэргүүцэгч, намын удирдлагатайгаа тэрсэгч, гудамжны тэмцэгч болон хувирлаа. УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцсанаа хүргэж байна.

1911, 1990 онд тэнгэрт гарсан үүлэн чөлөөний нар өнөөдөр дахиад зурвасхан гийж байна. Тиймээс бид энэ түүхэн гэгээнд амжиж хувьсгал хийх хэрэгтэй.

-Таны амьдралд үе үе огцом өөрчлөлт гарч ирдэг бололтой. 1995 онд найзуудтайгаа нийлж үүсгэн байгуулсан Монголын хамгийн том банкуудын нэг "Голомт”-оос 2013 онд өрх тусгаарласан, 2000 оноос хойш нөлөө бүхий гишүүнээр нь явж байсан Ардчилсан намаасаа өнгөрсөн сард хөөгдлөө гэх мэт. 2018 он Танд юу тохиолдов, Та яагаад ингэтлээ өөрчлөгдөв?

-2018 он миний хувьд 1990 оны үргэлжлэл боллоо. Ерэн онд ёстой л залуу насныхаа гал дөл, ариун цагаан сэтгэлээр Монголдоо шинэ цагийг авчрахын тулд зориглон зүтгэж явсан. Гол хувьсгалаа хийж, эх орноо авлаа гэсэн боловч эрх мэдэл, баялаг, түүнийг дагасан их мөнгөн дээр улс төрийн эрх мэдлээ хүний гарт алдах замд эргэлт буцалтгүй орчихсон. Сүүлийн 10 гаруй жилд миний хувьд хууль санаачлах, хөдөлгөөн байгуулах гээд таны хэлдгээр тайван замаар үүнийг өөрчлөх гэж бишгүй үзлээ. Хууль хийгээд гишүүнээр ажиллаад зөв зохистой хэлбэрээр буюу энгийн тайвнаар ажиллахыг оролдож байсан ч сав дүүрээд хальж байгаа нь энэ. Нийт ард түмний хувьд үүнээс цааш явах замгүй болсон. Стратегийн орд эрх мэдлийн гадна үлдсээр байгаад Монгол Улс цаашаа явах замгүй болж байна. Ганц би биш олон хүний дотор энэ бухимдал буцалсан явна. Би энэ буцалж яваа бухимдал дунд яваа л нэг эд эс.

-Үүнээс өмнө энэ тухай ярих боломж Танд хангалттай байсан?

-Би УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажилласан бүхий л он жилүүддээ иргэдийн хөдөлгөөнүүд, тэмцэгчидтэй ойр дотно холбоотой цөөн улстөрчийн нэг байсан. Ард түмний эрх ашгаас нэг ч өдөр хойш сууж байгаагүй гэдгээ хэний ч өмнө би нүүр бардам хэлж чадна. 2004 онд байгалийн баялаг ард түмний мэдэлд байх хуулийг санаачилж батлуулж байлаа. Би өмнөх арга барилаараа, энгийн нэг улстөрчийн хэмнэлээр үргэлжлүүлэх ямар ч боломжгүй гэдгээ ойлгосон. Миний тэвчээр алдагдсан, бухимдал сад тавьсан. Би бол уур хилэндээ шатаж байгаа, тэмцэхээр босож байгаа бусад монголчуудын л нэг.

-Өнгөрсөн 28 жилд өнөөдрийн өмнө бидний гаргасан хамгийн том алдаа юу байсан юм бол?

-Баялгаа бусдад алдсан явдал. 1990 онд Монгол 100 сая ам.долларын нөөцтэй, дэлхий дээр валютын нөөцөөрөө тэргүүлэх орнуудын нэг байсан юм шүү дээ. Тэр үеийн 100 сая доллар гэдэг өнөөдрийнхөөр 100 тэрбум доллар. Социалист БНМАУ-аас зах зээлийн системд ямар ч хүндрэлгүйгээр шилжиж дөнгөх хэмжээний хөрөнгө хуримтлуулсан байсан.  Гэтэл тэр хөрөнгөн дээр олон улсын томоохон луйврын ажиллагаа явагдсан. "Алт диллерийн хэрэг” бол гадныхны Монголд хийсэн хулгай байсан юм. Бүх алтыг маань онгоцоор зөөгөөд л аваад явчихаж байсан. Үүний дараа Ашигт малтмалын тухай хууль гарч байгалийн баялгийг ашиглах хууль эрх зүйн орчин бүрдсэнээр томоохон ордууд гарын үсгээр гадныхны гарт орж эхэлсэн. Өнөөдөр бид ордуудаас 6 тэрбум доллар олж байгаа гэдэг ч Монголд үлдэж байгаа нь 600 сая нь юм уу даа. Үе үеийн УИХ үүн дээр алдсан. Орд иддэг, баялаг өмчилдөг, маш том мөнгө эргэлдүүлдэг улс төр, бизнесийн бүлэглэл- МАНАН эндээс үүссэн байдаг. МАНАН-гийн тогтолцоо эзэн биеүд нь солигдоод л, үеийн үед ноёрхсоор 2018 онд ирсэн. МАНАН буухгүй байгаа учраас гурван сая иргэн хоосон байгаа юм. 1911, 1990 онд тэнгэрт гарсан үүлэн чөлөөний нар өнөөдөр дахиад зурвасхан гийж байна. Тиймээс бид энэ түүхэн гэгээнд амжиж хувьсгал хийх хэрэгтэй. Үүлэн чөлөөний нар юм шүү. Бид хийж чадвал цаана нь дардан зам угтах болно.

-Зах зээлийн мэдлэг боловсролоор маруухан монголчуудаас алтыг нь луйвардсан гадныхнаас эхлээд одоо мөн л тэр гадныхантай нийлж эх орноо худалдаж байгаа монголчууд гээд бүгд л луйварчид болж байна. Тэгвэл одоо МАНАН-г нураая гэж байгаа хэсэг нь ч өмнөх луйварчдаас юугаараа ялгаатай юм. Та ялгааг нь хэлээд өгөхгүй юү?

-Эхний МАНАН Оюутолгойг, дараагийн МАНАН Тавантолгойг, тэрний дараагийнх нь Эрдэнэтийг шийдлээ гэхчлэн буухиалаад яваад байсан. Одоо яаж МАНАН-г цэглэх юм бэ гэж. Ганц баталгаа нь өнөөдрийн тэмцэгчид баялгийн хойноос яваагүй. МАНАН-г нураагаад газрын бүх баялгийг ард түмэндээ өгөх гэж байгаа юм. Ингэвэл МАНАН үүсэх эдийн засгийн шалтгаан байхгүй болчихно. Олонх, цөөнх нийлсэн Засгийн газар байгуулахыг ч хориглоход л МАНАН үүсэх улс төрийн шалтгаан үгүй болно. Эвслийн Засгийн газрын цаана цөөн хэдхэн хүнд шударга бусаар баялаг хуваах зорилгоор МАНАН үүсдэг. Тэр хүрээлэлд багтаж байгаа хэдэн хүндээ үйлчилдэг энэ тогтолцоог нь үгүй болгох нь гол зорилго учраас нь энэ цаашдын өргөн, зөв ирээдүйг бий болгоно.  

МАНАН-гийн нөгөө талд шахагдсан, зайлуулагдсан, түүний сонирхолтой нийцдэггүй, эсвэл хохирсон хэлмэгдэгсдийн гэр бүл, эх оронч, цэргийн хүмүүжилтэй хүмүүс гэх зэрэг ямар нэг шалтгаанаар нэг талд багтсан хүмүүс байгаа. Тэдэн дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ч байна гэдгийг бүх нийтээрээ л ойлгож мэдэрч байна шүү дээ.

-МАНАН хэрэв дэглэм, тогтолцоо юм бол үүнийг гудамжнаас нураах ямар ч боломжгүй. Харин Таны гишүүнээр нь сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын чуулганы танхимд шийднэ. Гэтэл та нарын тэмцэлтэй зэрэгцээд УИХ-ыг тараая гэдэг шийдлийг АН-ын удирдлага өчигдөр санал болгож байр сууриа илэрхийлчихлээ?

-Өнөөдөр УИХ-ын 40 гишүүн МАНАН-гийн эсрэг парламентын хувьсгал хийж байна. Энэ 40 гишүүнийг парламентын танхимаас гаргаж хаяхын тулд УИХ-ыг тараах гэж байна шүү дээ. УИХ-ыг тараая гэж байгаа нь МАНАН-д хоёр ач холбогдолтой. Нэгдүгээрт, толгойлогч М.Энхболдын тогтолцоо үлдчихэж байгаа юм. Хоёрдугаарт, 40 гишүүнийг УИХ-аас гаргаж хаях боломж хайж байгаа юм. Тэгээд МАНАН өөрийн 76 хүнээ УИХ-д оруулж ирэх гэж байгаа л хэрэг.  Өөрөөр хэлбэл, улаан цагаанаар парламентын сонгуулийг луйвардаж 100 хувь ноёрхлоо тогтоох гэж байна. Дахиж олон юм ярьдаг, ард түмний талд ордог 40 хүн парламентад оруулахгүйн тулд ингэж байгаа юм.

-Та бүхний хэвлэсэн МАНАН дэглэмийг нураах лоозон дээр М.Энхболдыг огцор гэжээ. М.Энхболд өнгөрсөн 28 жилийн алдаа завхрал, алдааны гол дүр мөн үү?

-Нэлээд гол дүр мөн. Гэхдээ яг энэ цаг үед бол МАНАН-гийн гол бэлгэ тэмдэг нь М.Энхболд болоод байгаа юм. МАНАН тогтолцооны бий болгосноор өнөөдөр хамгийн их эрх мэдэлтэй хүн нь Ерөнхийлөгч ч биш, Засгийн газар ч биш, УИХ-ын дарга юм. Тэгээд түүнийхээ дор бүхэл бүтэн өөрийн гэсэн аппараттай, олон салбар байгууллагатай атгаалжин хар мангасыг бий болгосон. Яг түүнийхээ дээр нийслэлийн газрын наймаа, ашигт малтмал, 60 тэрбумын тогтолцоо хамгийн сүүлд хэрэгжүүлсэн гээд маш олон зүйл дээр туршилт хийсэн энэ хүнийг суулгачихсанд учир байгаа юм. Та түрүүн асуултдаа хэлсэн. Аливаа алдаа завхрал, луйврыг хүн л хийдэг биз дээ гэж. Тийм, МАНАН гэдэг чинь энэ ширээ биш, хүн юм. Хүн учраас толгой байгаа, хөл гар байгаа. Толгой нь М.Энхболд. УИХ-ын даргын албан тушаал гэдэг нь хэрэв хүний тухай асуудал биш зөвхөн албан тушаал байсан бол өдийд аль эрт шийдэгдчихсэн байгаа. Хүн чраас албан тушаалаас огцрохгүй гэж яаж амь бөх зууралдаж байгааг нь хар даа. Энэ бол албан тушаалаасаа огцрохгүй гэсэндээ биш, МАНАН-г тавихгүй гэдэгтээ л байгаа юм. МАНАН гэдэг чинь мафи болчихоод байна шүү дээ. Мафи л ийм байдаг.

-АН-ын дэд дарга, бас тантай үзэл бодол, байр суурь дөхөм байж ирсэн Р.Амаржаргал өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Таныг намдаа эргээд ирэх боломжид найдаж байгаагаа илэрхийлж. УИХ дахь АН-ын бүлэг ба Болдын харилцаа цаашид яаж шийдэгдэх бол?

-АН-ын удирдлага гурван гишүүнээ хөөсөн шийдвэр гаргасан нь арванхоёрдугаар сарын 4-нд хүчин төгөлдөр болсон. Мөн бүлгээ ч өөрсдөө байхгүй болгож шийдчихээд өнөөдөр болохоор хөөгдсөн хүмүүс нь бүлгийн хувь заяаг шийдэж байгаа юм шигээр яриад байх юм. Хөөгдсөн хүн бүлэгтэйгээ ямар харилцаатай байхаа шийдэх боломжгүй шүү дээ. Тэр шийдвэрийнхээ үр дагаврыг өөрсдөө л хариуцах ёстой баймаар юм.

-МАН бол Монголын хоёр том намын нэг гэдэг утгаар Танаас асууж байгаа юм шүү. Ардын намд лидерийн шилжилт нь хагарал тэмцэл, нийгмийн бухимдал гэхчлэн их өндөр эрсдэл дагуулж явагддаг уламжлал тогтож байгаа нь хэвийн зүйл үү?

-Монголын нийгэмд өнөөдөр намын талцал алга. Зөвхөн МАНАН ба түүнийг эсэргүүцэж байгаа, эрх ашиг нь зөрчигдөж байгаа олон нийтийн тэмцэл л өрнөж байна шүү дээ. МАНАН-гаас авч байгаа эрх мэдэл болгон өнөөдөр ийм тулаандаа хүрч байна. Хамгийн сүүлийн том эрх мэдэл УИХ-ын даргын эрх мэдэл. Энэ хүн эхлээд Ерөнхийлөгч болох гэж зорьсон, дараа нь МАН-ын даргаар үлдэх гэсэн, одоо УИХ-ын даргаар үлдэх гэж зүтгэж байгаа зэрэг нь тэмцлийг өдүүлж байна. Үүнийг ердийн нэг нам доторх хагарал, даргын суудал сэлгээ гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл нам гэж организм байгаа бол өөр хэрэг. Гэтэл өнөөдрийн нийгэмд нам гэх зүйл байхгүй. Үүний оронд нам, улс төрийн тогтолцоог салаа мөчир шигээ барьчихсан мафийн сүлжээ л ажиллаж байгаа. Мафиас шилжүүлж өгч байгаа  гэсэн эрх мэдэл болгон л ийм тэмцэл болж харагдаж байна. Түүнээс биш энэ бол зүгээр л нэг намын лидер халагдаж байгаа үйл явц огт биш.

-Та тэгвэл хувьсгал хийхээр тэмцэж байгаа хэрэг үү?

-Тэгж тодорхойлж болно. Энэ хувьсгал 90 онд улс төрөөр эхэлсэн, одоо эдийн засгийн салбарт үргэлжилж байгаа юм. Хувьсгал төгс ялалт руугаа дөхөж байна гэсэн үг.

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр ч бас Тантай хувьсгалын үйлс зорилго нэгтэй байгаа юм байна, тийм үү?

-МАНАН-гийн нөгөө талд шахагдсан, зайлуулагдсан, түүний сонирхолтой нийцдэггүй, эсвэл хохирсон хэлмэгдэгсдийн гэр бүл, эх оронч, цэргийн хүмүүжилтэй хүмүүс гэх зэрэг ямар нэг шалтгаанаар нэг талд багтсан хүмүүс байгаа. Тэдэн дунд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ч байна гэдгийг бүх нийтээрээ л ойлгож мэдэрч байна шүү дээ.

-Хувьсгал хийж байгаа хүнээс энэ хаврын дүр зургийг асуумаар санагдаж байна?

-Хувьсгалт тэмцлийн маань оргил ирэх хавар тохиох байх. МАНАН амиа тавихын өмнө янз бүрийн арга хэрэглэж байна. Ямар ч хамаагүй аргаар чуулганыг хаахаар сэдэж байгаа нь нийтийн тархийг угаахаар цаг хожих гэж л байгаа хэрэг. Бид ч шаардлагатай бүхнийг хийнэ. Аливаа хувьсгалд эрсдэл бий. Би бэлэн.

Б.Энхцэцэг