Өөрийн нэр дээр бүртгэлтэй, "Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаагаа "амь” оруулахыг хүссэн иргэд бухимдаж эхэлжээ. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс 508 иргэний өргөдлийг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн боловч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй гэнэ. Чухамдаа энэ хувьцааг арилжих эрхийг Засгийн газар нээх учиртай. Гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ талаар ямар ч төсөөлөл танилцуулсангүй. Цөөн үгээр хэлбэл, тодорхойгүй нөхцөл байдал дунд "Эрдэнэс Тавантолгой” -н 1072 ширхэг хувьцаатай иргэд дөрвөн жил гаруй хугацааг үдсэн байна.
Гэвч одоог хүртэл өөрийн өмч хөрөнгө буюу 1072 ширхэг хувьцаагаа албан ёсоор захиран зарцуулах эрхгүй байгаа юм. Үүнээс шалтгаалан 2012 оноос хойш нас барсан гэр бүлийнхээ гишүүний хувьцааг ч шилжүүлэн авах боломж гарсангүй. Угтаа хууль ёсны залгамжлагч нь хувьцааг өвлөн авах үндэслэл бий. Ингэхдээ өв залгамжлах эрх нь тухайн иргэнийг нас барснаас хойш нэг жилийн дараа үүсдэг. Энэ бол хуульд байдаг хүчин төгөлдөр үйлчилж буй заалт... Гэвч эрх баригчид энэ хувьцааг"үхмэл” хэвээр удаан дарсны хүчинд өнгөрсөн жилүүдэд бурхны оронд очсон аав, ээжийнхээ хувьцааг иргэд өвөлж авах боломжгүй болоод байна. Чухамдаа хувьцааны нэрлэсэн үнэ тодорхой болж, зах зээл дээр арилжиж эхэлсний дараа өвлөж авах, бэлэглэх, худалдах зэрэг эрх нээлттэй болох юм. Мөн үнэт цаасны дансаараа дамжуулан ногдол ашиг авах боломж бүрдэнэ. Одоогоор 1.7 сая иргэн үнэт цаасны дансаа нээлгэж, 1072 ширхэг хувьцаагаа баталгаажуулж аваагүй байгаа юм. Үүнийг иргэдийн дунд үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт дутмаг байгаатай холбон тайлбарладаг. Хөгжилтэй орнуудын нийт хүн амын45-80 хувь нь хувьцааны тухай ойлголттой байдаг бол манай улсад энэ талын мэдлэгтэй иргэд ердөө 12 хувийг л эзэлдэг гэсэн судалгаа бий.
Тэгвэл 2012 онд нэг сая төгрөг арилжааны банкинд хадгалуулсан иргэн өдгөө сая 680 мянган төгрөгтэй болжээ. Гэтэл эрх баригчид дээрх хувьцааг"амь” оруулаагүйгээс болж үнэлэмж нь өөрчлөгдсөнгүй. "Сая төгрөгтэй дүйцэнэ” гэсэн боловч одоогоор хэдэн төгрөгийн ханштай гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм. Гэвч эдийн засагчид 1072 ширхэг хувьцааг сая төгрөгөөс доош үнээр худалдах нь алдагдалтай гэсэн зөвлөгөө өгдөг. Хэдий ийм байсан ч эхний хоёр жил орчим хугацаанд үнэгүй олдсон хувьцаа үнэ цэнэтэй байж чаддаггүй зүй тогтол олон улсын зах зээл дээр байдаг. Харин энэ байдлыг Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Э.Алтаншагай хууль зөрчсөн үйлдэл хэмээн тайлбарлав. Учир нь "Эрдэнэс тавантолгой” компанийн 15 тэрбум хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшсэн иргэн бүр Үндсэн хууль болоод холбогдох бусад хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлэх ёстой аж. Үүнд захиран зарцуулах эрхээс гадна нэг ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн ч компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, санал өгөх эрхийг эдэлдэг байна. Ийм учраас иргэд хувьцаагаа захиран зарцуулах хууль ёсны эрхийг Засгийн газраас хүсч буй. Харин тус хувьцааны эрхийг нээх эсэхэд олон улсын зах зээл, уул уурхайн гаралтай таваарын ханш өөдлөхгүй байгаа, "Тавантолгой” төслийн гацаа зэрэг нь сөрөг нөлөө үзүүлээд байгаа тухай эдийн засагчид тайлбарладаг. Энэ талаар Э.Алтаншагай"Бүгд л хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу иргэн өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Гэтэл тэр эрхийг нь нээгээгүй, ногдол ашиг ч өгсөнгүй. "Эрдэнэс Тавантолгой” компанийн15 тэрбум хувьцаанаас гурван тэрбумыг2.8 сая иргэнд хувааж өгсөн юм. Энэ бол нийт хувьцааны 20 хувь юм. Үүнийгээ л иргэд хуулийн дагуу захиран зарцуулъя гэж байгаа хэрэг. Түүнээс компани ашигтай ажиллах эсэх нь дараагийн сэдэв” гэв. Мөн тус байгууллагаас1072 ширхэг хувьцаа эзэмшигч иргэн хамгийн багаар бодоход жилд 125 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой гэсэн судалгаа хийжээ. Үүнээс үзэхэд ирээдүйд иргэн бүрийн эзэмшиж буй хувьцаа үнэд орох магадлал өндөр байгаа юм. Тэгээд ч "Эрдэнэс Тавантолгой” компани 300 жилийн настай. Тэгэхээр хувьцаа нь он жил өнгөрөх тусам илүү их үнэд хүрэх хүлээлт байна гэсэн үг.
Д.Булган