|

Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов

Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов

Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн "Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ. Өчигдрийн байдлаар Хятадын Тянжины боомт дээрх нэг тонн төмрийн баяжмалын үнэ (62%-ийн агуулгатай) 82 ам.долларт хүрч, өнгөрсөн Баасан гарагаас хойш тонн тутамдаа 7 ам.доллараар өсөөд байна. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ 2017 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд очлоо. Шинжээчид үнэ цаашид ч өсөх боломжтойг онцоллоо. Нөгөөтэйгүүр Хятадын эрэлт төдийлөн сайн биш байгаа учир ханш тэгтлээ их өсөхгүй гэж үзэх шинжээчид ч байна.


 

Эх сурвалж: NYMEX

Ослын тухайд өнгөрсөн Баасан гарагт "Вале” компанийн Feijao уурхайд хаягдлын далан сэдэрч, дор хаяж 84 хүн нас барж, 400 хүн ор сураггүй алга болоод байгааг тогтоожээ. Тус уурхай нь Бразилийн зүүн урд хэсэгт орших Минас Жерайс мужийн Брумадиню хотхоны нутаг дэвсгэрт оршдог байна. Энэхүү уурхай зогссоноор тус компанийн төмрийн хүдрийн нийт нийлүүлэлт 1.5%-иар буурна гэж шинжээчид тооцож байна. Осолтой холбогдуулан компанийн зүгээс 10 хаягдлын далангийн ашиглалтыг зогсоож, төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ 40 сая тонноор бууруулахаа мэдэгдээд байна.

"Вале" энэ онд 400 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөөд байсан юм. Одоогоос гурван жил гаруйн өмнө тус компанийн BHP-тэй хамтран эзэмшдэг Samarco уурхайн хаягдлын далан мөн сэдэрч, асар их хохирол учруулж байсан билээ. "Вале" компанийн хувьд энэхүү үйл явдал нь алдаагаа давтсан гэдэг утгаараа томоохон цохилт болоод байна.

Осол гарсны дараа компанийн хувьцааны ханш 17%-иар буурсан бол өрсөлдөгчид болох "Рио Тинто", "BHP", "Fortescue Metals" компанийн хувьцааны ханш эсрэгээр багагүй хэмжээгээр өсчээ.