Цагаан сарын баярыг Азийн орнууд хэрхэн тэмдэглэдэг талаарх сонирхолтой мэдээллийг "www.globalpost.com” сайт сонирхуулж байна.
МОНГОЛ УЛС
Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн уг баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Битүүний шөнө хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг аж. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч шинэ сайхан хувцсаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог юм. Ихэвчлэн уг баярыг шинийн 1-15 хүртэл тэмдэглэдэг. Мөн шинийн 5, 8-ны өдрийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг билээ.
МАЛАЙЗ УЛС
Малайзд ч бас хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ энэ улс европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяруудын хамтад нь тэмдэглэдэг байна. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр бүх нийтээр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсч бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна. Тэдний үндэсний зоог нь "Будааны боов, халуун ногоотой шөл” аж.
БНХАУ
Цагаан сар нь "Чунзие” буюу хаврын баяраар эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусгавар болдог. Амьдрал дахин цэцэглэж эхэлсний баяр хэмээн үздэг тус баярыг мөн "Еэвэн” сарын баяр хэмээн нэрийдэх нь бий. Энэ нь тус улсын хамгийн хөл хөөртэй, баярт тооцогддог байна. Сар шинийг угтан хятадууд гэр орондоо их цэвэрлэгээ хийдэг. Шинэ он эхлэхээс өмнө хамаг муу муухайгаа зайлуулж буй нь энэ аж. Харин шалаа угаадаггүй нь хамаг сайн сайхан, аз хийморь шаланд байдаг гэж үздэгтэй нь холбоотой гэнэ. Цагаан сарын өмнө хаалганы тотго дээр таван ширхэг урт цаасан тууз бэхэлдэг нь аз жаргал, амжилт, урт нас, эд баялаг, баяр баясгаланг бэлгэддэг аж. Сарны тооллоор сар шинийн эхний болон 15 дахь өдөр үсээ угааж, засуулдаггүй байна. Энэ нь мөн л аз хийморь, эд баялгаа угааж, арилгахгүй гэсэн сүсэг бишрэлтэй нь холбоотой ажээ. Тус баярын үеэр уламжлалт ёсоор улаан дугтуйд мөнгө хийж бие биедээ бэлэглэдэг байна. Учир нь улаан өнгө нь аз хийморийг бэлгэддэг гэж үздэг. Энэ баярын бас нэг чухал хэсэг бол тансаг хоол, идээ ундаа. Баярын ширээнд ногоогоор хийсэн хоол зонхилдог нь өөрийгөө цэвэршүүлж, шинээр төрж, ирэх жилдээ шинэ соргог байхыг бэлгэддэг аж. Гэхдээ баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Битүүний орой гэр бүлээрээ цугларч зоог барих бөгөөд шөнө дунд гудамжинд гарахдаа улаан өнгийн хувцас өмсч, галаар буудан наадаж, муу сүнсийг хөөн зайлуулдаг байна. Цагаан сарын баяраар хятадууд хэн нэгэнд үргэлж хос зүйл бэлэглэдэг.
ЯПОН УЛС
Япончууд цагаан сараа "Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь гурав хоног үргэлжилдэг байна. Битүүний өдөр тэд "сусухарай” хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн "омочи, озоны” хэмээх нэртэй цагаан будаан боов хийдэг байна. Гэхдээ баярын ширээний үндсэн идээ, ундаа нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зонхилох аж. Үүний зэрэгцээ цагаан будаагаар саки архи исгэж бэлтгэдэг байна. Мөн зоогийн газрууд саки архийг үнэгүй үүдэндээ тавьж, авсан хүнд аж жаргалыг бэлэгддэг байна. Японы Цагаан сарын өөр нэг онцлог нь "Отоши дама” хэмээх ёслол. Энэхүү ёс заншлаар үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд мөнгө хийж өгдөг. Баярын үеэр япончууд мөн сүм хийддээ очин мөргөл үйлддэг уламжлалтай.
СОЛОНГОС УЛС
Солонгост цагаан сарыг "Солнал” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ сарын 10-нд тохиож байна. Солонгос бүсгүйчүүд сарны тооллын шинэ жилд сайтар бэлтгэх бөгөөд "тток”, "гаретток” хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Мөн жимс, загасаар ширээгээ чимдэг ч банш болон "токкук” хэмээх нэртэй шөлөөр зочдоо заавал дайлдаг байна. "Токкук”-ийг ууснаар амьдралд нь бас илүү нэг нас хайрладаг хэмээн үздэг. Битүүний өдөр хоол хийж бурхан, шүтээндээ өргөдөг бол шинийн 1-нд гэр бүлээрээ цуглардаг уламжлалтай. Шинэ жилийн үдэш хаалган дээрээ сүрэл өлгөж, муу муухайг зайлуулахыг бэлгэднэ. Баярын өдөр бүгд шинэ хувцас өмсч, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамаатныхаа хамгийн өндөр настныд цуглардаг. Залуус өвгөд, хөгшиддөө эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж, хөгшчүүл нь эртний дурсамж ярьж өгдөг аж. Энэ өдөр солонгосчууд нэг нас нэмлээ хэмээн баясч, мод шидэх, ширтэлцэх зэрэг уламжлалт тоглоом тоглоно. Япончуудтай адил солонгосчууд цагаан сарын баяраа гурван хоног тэмдэглэдэг байна. Мөн солонгосчууд битүүний орой чөтгөрийг хөөж, аз жаргалыг хүлээн авах ёслол хэмээн бэлгэдэн хонх, хөгжим дуугаргаж их чимээ гарган шинийн 1-ний өглөөг угтдаг заншилтай.
ВЬЕТНАМ УЛС
Вьетнамчуудын цагаан сарын баярыг "Тэт” хэмээн нэрийддэг. Албан ёсоор гурван хоног болдог гэх авч долоон хоног үргэлжлэх нь бий. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг байна. Вьетнамчууд сар шинэдээ эртнээс бэлтгэдэг. Тодруулбал, шинэ жилийн баяраа өнгөрөөсний маргааш өдрөө л "Тэт” баярт бэлдэж эхэлдэг байна. Гэр орон болон албан газраа даль зэрэг олон янзын цэцгээр чимэглэдэг. Мөн "аз жаргал, баяр жаргал” гэсэн утга бүхий бийрийн уран бичлэг бичдэг байна. Энэ нь тэдний хувьд хамгийн үнэтэйд тооцогддог аж. Хятадуудын адил вьетнамчууд мөн нэг нас нэмсний ёслол үйлддэг ажээ. Битүүний урьд өдөр гэр орноо чимэглэж, хуучин муу зүйлээ гарган хаяж, ирж буй оноо амжилт бүтээлээр угтдаг заншилтай. Шинэ сар гарахаас өмнө өртэй өглөгтэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгадаг ёстой. Тэд цагаан сараар худалдаа арилжаа их хийж, тэр хэрээр үнийн хямдрал үзүүлдэг байна. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Сар шинээр залуу охид бүсгүйчүүд үндэсний хувцсаараа гангардаг аж. Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой.
ТҮВД УЛС
Түвдүүд билгийн тооллын шинийн 1-нд "Лосар” гэдэг баярыг тэмдэглэдэг аж. "Ло” гэдэг нь жил, "Сар” гэдэг нь шинэ гэсэн утгыг илэрхийлдэг байна. Тиймээс "Лосар” хэмээх нэр нь үндсэндээ шинэ жил гарч, хавар болж байна гэсэн утгыг агуулдаг аж. Сар шинэдээ түвдүүд шинэ дээл хувцсаа өмсөж, настан буурлууддаа золгодог уламжлалтай. Энэхүү баярын хамгийн чухал идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, гурилтай шөл байдаг байна. "Дашдэлэг” хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулан даган баясдаг байна.
КАМБОЖ УЛС
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.
ЛАОС УЛС
Лаос улсын үндэсний баярыг "Лин” хэмээдэг. Тус баярыг таван хоног тэмдэглэдэг юм. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг аж. Харин шинийн нэгэн болоход 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил өргөж, дараа оныг хур бороо их орж, будаа арвин хураахыг бэлэгддэг байна. Харин 50 дээш насны эмэгтэйчүүд 10 доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжилалтай байна.
БУТАН УЛС
Бутанчууд үндэсний баяраа "Бурман” хэмээн нэрлэдэг аж. Тэд баярын эхний өдрөө эзэн хаандаа урт удаан насыг бэлэгдэн цагаан архи өргөдөг байна. Залуус ахмад буурлууддаа шар өнгийн зүйл бэлэглэдэг байна. Шар өнгө нь Бутанчуудын хувьд урт наслахын бэлэгдэл аж.
БУРИАД УЛС
ОХУ-ын буриадууд "Сагаалган” буюу Цагаан сарын баяраа 1991 оноос тэмдэглэн иржээ. Хубилай хааны зарлигаар XIII зуунаас тэд тус баярыг тэмдэглэж эхэлсэн гэж үздэг ажээ. "Сагаалган” баяр нь бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд Буриадын Буддын хамгийн том сүм болох "Иволгийн дацан”-нд ном хурснаар эхэлдэг юм. Битүүний өдөр дээрх дацангийн өмнө "Дугжууба” гэх түүдэг асааж, хуучин хувцас сэлтээ шатаадаг уламжлалтай гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn