Тэр юмсыг харахдаа ямар гоё юм бэ? гэж дотроо дуу алдан хардаг. Түүнд хэлэх ч үг олддоггүй. Тэр зүгээр л байгалийг хараад биширдэг. Хүмүүсийг хараад талархдаг. Хүүхдийг хараад өхөөрддөг. Тэр дандаа эерэгийг анзаарчихдаг. Сөрөг зүйлсийг хүртэл эерэг болгон хүлээж авах хандлагатай болчихдог. Зовлонтой хүний нүдэнд харин бүх зүйлс баргар харагддаг. Тэр дандаа болохгүй бүтэхгүйг л сурамгай гэгч нь олоод харчихдаг.
Тэр алдааг олж хардгаараа аль хэдийнээ докторын зэрэг хамгаалчихсан. Сайхан зүйлсийг хүртэл саараар харах гээд байдаг. Эсвэл нэг их тоодоггүй. Түүнд сайхан зүйлс нэг их чухал биш байдаг. Саар харин дэндүү чухал байдаг. Аз жаргалгүй хүн амнаасаа байнга бусдыг муулж үгүйсгэсэн эсвэл гомдоллосон үгсийг л гаргадаг. Бусдыг толгой сэгсрэн зэмлэж, хэл шогшрон муулдаг. Тэр аз жаргалтай хүнийг хархаараа өөрөө тийм биш болохоор уур нь хүрдэг. Эсвэл атаархдаг. Жаргалтай хүн бол харин сайн яваа нэгэндээ баярладаг. Зовж буй нэгэндээ туслахыг хүсдэг. Бүх зүйлсийг сайн сайхнаар болж бүтэхээр хардаг.
Жаргал жаргалыг л дагуулдаг.
Зовлон зовлонг л дагуулдаг.
Баасансүрэн лам