|

Америкийн талаас тавих санал нь Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах уу

Вьетнамын нийслэл Ханой хотноо өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болох билээ. Энэхүү уулзалтаар Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоож, хоёр улс 70 жил үргэлжилж буй дайсагналаа эцэслэнэ гэж олон улсын ажиглагчид таамаглаж байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс дээд хэмжээний уулзалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрээр хоёр орны төрийн тэргүүн лхагва гаригийн орой ганцаарчилсан буюу зөвхөн орчуулагчдын хамт уулзалт хийсний дараа оройн зоог барьцгаана. Харин пүрэв гаригт олон тооны хамтын ажиллагааны талаар хэлэлцээр хийх болно гэж хэлжээ.

Хоёр орны төрийн тэргүүн өнгөрсөн жил цөмийн хөтөлбөрийн талаар Сингапурт анхны дээд хэмжээний уулзалтыг хийсэн билээ. Өнгөрсөн оны сүүлээр ерөнхийлөгч Доналд Трамп тухайн уулзалтын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун бид хоёр бие биедээ "дурласан” гэж хэлж байсан юм. Харин хоёр дахь дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай маш сайн хувийн дипломат харилцаа үүсгэсэн учир энэ удаагийн уулзалт үр дүнтэй болно гэсэн байна. Америкийн Солонгосын хойг судлалын хүрээлэнгийн тэргүүн Харри Казианис хэлэхдээ "энэ харилцаа нь АНУ-ын үндэсний ашиг сонирхлыг бэхжүүлэхэд хамгийн том хөдөлгөгч хүч болох байх” гэжээ.

Гэвч зөвхөн хоёр хүний харилцаа 70 жилийн турш бий болсон дайсагналыг зогсооход хангалтгүй юм. Тиймээс илүү бат бөх харилцаа, хамтын ажиллагаа шаардлагатай гэж шинжээчид дүгнэж байна.

Дэлхий нийт энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс гарч болох Хойд Солонгосын тал цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрэн зогсоох шийдвэрт АНУ-ын ямар хариу санал тавих бол гэдэг дээр хүлээлт үүсгээд байгаа юм. Харин Америкийн зүгээс Хойд Солонгост тавьсан эдийн засгийн хоригоо цуцлахаас нааш цөмийн хөтөлбөр зогсохгүй гэж олон шинжээчид дүгнэж байна. Уулзалт эхлэхээс өмнө АНУ-ын зүгээс Хойд Солонгос ямар нэгэн үр дүнтэй алхам хийхээс нааш эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм.     

Харин Харри Казианис "хоёр тал улс төрийн зөвшилцөлд хүрч Солонгосын дайн дууссаныг тунхаглах нь хэн хэнд нь ашигтай. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун шинэ дэглэм бий болох тал дээр өөрийн байр суурьд санаа зовох шаардлагагүй. АНУ Хойд Солонгост тохирох хамгийн сайн системийг санал болгоно. Үүний жишээг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Вьетнамын туршлагаас харж болно” гэсэн юм.

Вьетнам улс нь 1995 он буюу хүйтэн дайны он жилүүдийн дараагаар дайтаж байсан АНУ-тай хэвийн харилцаагаа сэргээж "Дой Мой ” гэх шинэчлэлийг эхлүүлснээр өнөөдрийн Азийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засаг бий болсон гэж судлаачид үздэг байна.

О.Мөнхбат

Эх сурвалж: reuters