|

Л.Оюун-Эрдэнэ ээ, бага “Дэмбэрэлтээрэй”

 

ЗГХЭГ-ын дарга өчигдөр Засгийн газрын хуралдаан дууссаны дараа "Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн эх үүсвэрийг шалгана (өмнө нь ч гэсэн МАН-ын Засгийн газар нэг удаа шалгасан л даа. Тэр шалгалтын материалыг нь хэн гэгч урт гартан суйлаад алга болсныг бүү мэд. Бодвол дотроосоо л байх даа), ҮАБЗ-өөр оруулна гэж мэдэгдэв. Түүнд нь баярлаад манай голоор нэг найр наадам. Ашгүй төрийн өмч давамгайлсан ганц үйлдвэрийнхээ бөөрийг гаргах нь.

За тэр санхүүгийн эх үүсвэр нь сайдын хэлсэнчлэн будилаантай байгаад тэрийг нь шалгаж тогтоогоод төр 100 хувь авч чаддаг бол тэр л биз. Харин наана нь юу эс болох бол гэхээс яс үс хавтайна.

Ядаж байхад "манай Дэмбэрэл юм үзээгүйн болохоороо” гэгчээр мань хүн 1992 оноос хувьчлагдсан бүх хувьчлалыг шалгах үүргийг ХЭГ-ынхаа аппаратад өгчээ. Энэ 16 жилийн хугацаанд 928 аж ахуй нэгжийг хувьчилсан юм байна. Хувьчлалыг яаж явуулаад юун дээр нь алдсан, яаж дараа дараачийн хувьчлалаа үр ашигтай явуулах вэ гэж судлах гэж байгаа юм болов уу гэсэн үгүй бололтой.

Хувьчлагдсан аж ахуйнууд хувьчлахаас өмнөх үеийн үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн эсэх, ажлын байр, орон тоо нь хэвээр эсэх, за тэгээд нийгмийн даатгалаа, татвараа зөв шударгаар төлж байгаа эсэхийг шалгах юм байх. Нэг ёсондоо гутлын үйлдвэрийг хувьчилж авсан этгээд гутлаа үйлдвэрлээгүй байвал шоронд хийх бололтой юм. Монголчууд бүгдээрээ дотоод үйлдвэрийн гутлаа өмсөхгүй байгаа учраас хам хэрэгтэн болж мэдэхээр болчихлоо.

Уул шугамандаа нийгмийн даатгалаа төлж байгаа эсэх нь НДЕГ-ын шалгадаг асуудал, татвараа төлөхгүй бол ТЕГ хуульд заасан арга хэмжээгээ авдаг байлтай. ХЭГ-ын дарга тэнд "ямар сүүжээ” хийж явааг таах ч арга алга. Тэгээд ч хуулийн дагуу хувьчилж авсан этгээд нь хувийнхаа өмчийг ёстой нээрээ үрнэ үү, тарна уу төрд хамаагүй байлтай. Харин тараахгүйн тулд элдэв дарамт үзүүлэхгүй ажиллуулах нь төрийн үүрэг.

Түүнийхээ оронд төрийн өмчийн хэдэн компаниудаа яаж өөд нь татах вэ, хулгай худал, элдэв цавчааг нь яаж багасгах вэ гэдэг дээр төр харин анхаарал хандуулах ёстой байлтай. Ядаж л нөгөө "Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өрийг яаж шийдсэн бэ? гээд хажуудаа суугаа Шадар сайдынхаа амыг татаад асуучих хэрэгтэй л дээ. Ө.Энхтүвшин гэж нөхөр энэ Засгийн газрыг байгуулагдсан цагаас л "өр барагдуулах” ажлын хэсэг ахлаад жил шахмын хугацаа өнгөрч байгаа гэсэн. Урагшаа алхсан, хойшоо алхсан юу байдаг юм, тэрийгээ тайлагнах хэрэгтэй биз дээ.

Тэгэхгүй бол "төрийн” оролцоотой ганц гайгүй үйлдвэрээ гадаадын банкны барьцаанд тавиад туух энүүхэнд болчихоод байна. Энэ мэтчилэн хийх ёстой ажил нь хөлөөр нэг хөглөрч байхад юу яасан хувийн компаниудын асуудалд хөндлөнгөөс санаа зовох вэ?

Сая цагаан сараар "Хүргэн хүү” кино гарсан чинь манай нэг нийтлэлч "Мянган малаа төмөр тэмдгээр сольчихоод” гэх маягийн юм бичсэн байсан. Манай Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн бага л "Дэмбэрэлтээрэй”

Б.Заяа