|

Монголчууд гялгар уутнаас татгалзаж чадах уу

0.035 мм-ээс нимгэн гялгар уутны хэрэглээг хориглох Засгийн газрын тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэн анхны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт байдал ямар байгааг сурвалжиллаа.


Бут сөөгөнд наалдахаас гадна, цэвэрлэхэд хүндрэл учруулдаг тул эхний ээлжинд нимгэн уутыг хэрэглээнээс халахыг зорьж буй. Хөрсөнд 100-500 жил болсон ч задардаггүй гэж дүгнэдэг, байгаль орчин бохирдуулахаас гадна хүнд хорт хавдар үүсгэх сөрөг нөлөөтэй гялгар уутнаас иргэд болон аж ахуйн нэгжүүд татгалзсан, эсэхийг сурвалжлахаар

Улсын их дэлгүүрт байрлах "Номин”-гоор хамгийн түрүүнд оров. Тэндхийнхэн мах, задгай сүү, хүнсний ногоо зэргээ урьдын л адил нэг удаагийн гялгар уутанд савлаж байв. Дэлгүүрийн эрх бүхий албан тушаалтнаас гялгар уутнаас яагаад татгалзаагүйг нь лавлахад "Төв салбараас стандартын шаардлагад нийцсэн буюу 0.035 мм-ээс зузаан тор тарааж байгаа гэсэн. Манай салбарт ирээгүй байна. Даваа гарагт ирчих байх” гэв.

Уг нь эл тогтоолыг зургаан сарын өмнөөс баталж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд өдийд бэлтгэлээ хангачихсан байх ёстой.

"Номин”-гоор үйлчлүүлж байсан иргэн Д.Болормаа (Чингэлтэй дүүргийн III хорооны оршин суугч) даавуун торонд хүнсээ хийж байв. Тэрбээр "Гялгар уутыг хэрэглээнээс хасах нь зөв шийдвэр. Би цүнхэндээ дандаа даавуун тортой явдаг. Гадаадын орнуудад гялгар сав, баглаа боодолтой барааг задлаад уутыг нь дэлгүүр доторх зориулалтын хогийн саванд хийх боломж бүрдүүлсэн байдаг. Тэндээсээ шууд хог дахин боловсруулах үйлдвэр лүү ачдаг юм билээ. Манайд ч гэсэн энэ мэт санаачилга, зохистой шийдлийг нэвтрүүлбэл болохгүй зүйлгүй. Гялгар торыг олон дахин авч мөнгөө үрж, байгаль орчин бохирдуулж байснаас хуучин цамцаа хайчлаад хүнсний ногоо зэргээ хадгалах даавуун тор хийж яагаад болохгүй гэж. Орлуулъя гэвэл маш олон сонголт, боломж бий” гэсэн юм.

Нэг ширхэг том тор 100-250 төгрөг бол даавуун уут дунджаар 600 төгрөг. Дэлгүүр, хоршоогоор үйлчлүүлэх бүртээ 100-250 төгрөгөөр гялгар уут авахад сард дунджаар 3000 гаруй төгрөг зарцуулна гэж тооцъё. Харин 2000 төгрөгөөр гоёмсог хийц, загвартай даавуун тор нэгийг авчихвал хоёр сараас ч удаан хэрэглэх нь ойлгомжтой.

"Бөмбөгөр” худалдааны төвд гялгар уут борлуулдаг 2-3 лангуу бий. Тэнд нэг удаагийн гялгар уутнуудыг өнгө алаглуулан өрсөн байв. Хятадаас нэг боодол гялгар уутыг 1500-гаар, цаасан уутыг ширхгийг нь 150-250 төгрөгөөр оруулж ирдэг аж. Даац сайтай цаасан уут 2500 төгрөг хүртэл үнэтэй. Энэ худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн жинлэж зардаг бүх худалдагч нэг удаагийн гялгар уутанд бараагаа хийж үйлчлүүлэгч нарт өгч байв.

Тэднээс 0.035 мм-ээс нимгэн гялгар уутыг хэрэглээнээс хасах тогтоол хэрэгжиж эхэлснийг мэдэж буй, эсэхийг асуухад олонх нь "Орлуулах зүйл байхгүй, өмнө авсан уутаа дуусаагүй” гэсэн хариулт өгч байв. Сав баглаа боодлын тасгийн худалдагч Б.О "Тогтоол хэрэгжихийг мэдэж байсан учраас өмнөд хөршөөс гялгар уут авахаа багасгасан. Бидэнд 200 мянган төгрөгтэй дүйхүйц нэг удаагийн гялгар хүүдий байна. Авах хүн байвал зарж л таарна. Ялангуяа нимгэн уут бол хүмүүсийн гол хэрэгцээ. Манай худалдааны төвийн эрүүл ахуйч эмч оны өмнө нэг удаа сануулсан ч одоо хяналт тавьж байгаа хүн алга” гэв. Тэрбээр өдөрт дунджаар 10 төгрөгийн үнэтэй хальсан уут 50 боодлыг борлуулдаг гэнэ. 40-өөд ширхэгтэй нэг боодол нь 1500 төгрөг. Харин цаасан уутыг 150-250 төгрөгөөр урд хөршөөс оруулж ирдэг аж. Ганцхан лангуунаас өдөрт дунджаар 2000, сард 60 000 гаруй ширхэг хальсан уут хэрэглэгчийн гарт хүрч, тэр хэрээр байгальд шингэлгүй хөрс, хүрээлэн буй орчин бохирдуулдаг байх нь.

Иргэдийн дунд гялгар уутыг хэрэглээнээс хасах болсон тухай ойлголт өөр өөр байв. Баянгол дүүргийн I хороонд оршин суугч О.Далай "Цэнхэр, улаан судалтай болон 10 төгрөгийн тор хэрэглэхийг хориглосон. Зарим хүн шар, саарал том торнуудыг ч гэсэн хориглосон гэж ярьж байна. Яг алийг нь хэрэглэж болох, эсэхийг баттай мэдэхгүй. Хяналт сул учраас эл тогтоолыг хэрэгжүүлэх газар алга” гэв.

Тогтоолд хяналт тавьж буй нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхнаас 0.035 мм-ээс нимгэн гялгар уут хэрэглэж буй аж ахуйн нэгж, иргэдэд ямар арга хэмжээ авахыг тодруулав. Тус газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Дариймаа "Тогтоол хэрэгжүүлээгүй газруудад ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Эхний нэг сар тус тогтоолын хэрэгжилт хэр байгааг хянаж, дараа сараас хэдэн төгрөгөөр торгох нь тодорхой болно” гэсэн юм.

Тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, хүнсний чанар, стандартын улсын байцаагч нар болон МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн шинжээчид өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 13-нд 100 орчим аж ахуйн нэгжийн хэрэглэж, зарж борлуулдаг гялгар уутны чанарт шалгалт хийжээ. 300 гаруй төрлийн нийлэг уутыг тусгай төхөөрөмжөөр шалгахад зарим том тор 0.035 мм-ээс нимгэн байсан гэнэ. Тиймээс "М-март”, "Макс”, "Миний сүлжээ” зэрэг дэлгүүрт худалддаг торноос гадна хаяг, шошгогүй уутыг ч мөн хориглох аж. Цэнхэр, саарал, шар, улаан өнгийн том торноос гадна судалтай, судалгүй хальсан уутнууд 0.019-0.031 мм хүртэл зузаантай. Харин өнгөгүй хальсан тор 0.004-0.011 мм зузаан юм байна. Эдгээр тор хэт нимгэн, амархан урагддаг тул дахин хэрэглэх боломж хомс билээ.

Баянгол дүүргийн 23 дугаар хороонд найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Н.Гүрбазар "Гялгар уутны хэрэгцээ өндөр. Нэг удаагийн гялгар хүүдий хэрэглэсэн тохиолдолд торгодог болчихвол хууль, журмаа дагахаас өөр аргагүй. Гэхдээ бид төмс, мах, сүү, бууз, банш зэргийг судалтай торноос өөр юунд хийж зарахаа мэдэхгүй байна. Нэг удаагийн уутаа ч иргэдэд үнэгүй өгдөг. Хэрэв үнэтэй уут заавал ашиглах ёстой бол торныхоо үнийг бараандаа шингээх байх. Худалдаа эрхлэгчид барааныхаа үнийг нэмэх бас нэг шалтаг болж магадгүй” гэсэн юм.

Гэвч өөрсдөө даавуун, эсвэл даац сайтай цаасан тор хийж, ашиглавал барааны үнэ өсөх эрсдэлээс сэргийлж болох юм. Түүнчлэн томоохон сүлжээ дэлгүүрүүд даавуун тор борлуулж, түүнийг нь худалдаж авсан иргэдийг урамшуулах тогтолцоо нэвтрүүлэх, гаалиар оруулж ирдэг гялгар уутыг бүрмөсөн зогсоох зэрэг олон улсад нэвтрүүлсэн үр дүнтэй аргыг туршихад илүүдэхгүй биз ээ.

Дэлхий дахинд секунд тутам 160 мянган гялгар уут хэрэглэж байгаагийн 1-3 хувийг нь л дахин боловсруулдаг аж. Нэг даавуун тор 170 ширхэг гялгар уут хэрэглэсэнтэй тэнцдэг гэх судалгаа бий. Тиймээс хүнсний бараагаа бага багаар худалдан авч, сав баглаа боодлыг нь дахин хэрэглэхийг дэлхий нийтээр уриалаад буй. Гялгар уутнаас татгалзах санаачилгыг Дани улс эхлүүлсэн. Өдгөө 32 улс гялгар уутнаас бүрмөсөн татгалзсан байна. Урд хөршийнхөн 2008 оны зуны олимпын үеэр гялгар уутнаас татгалзаж, үр дүнд нь хуванцар болон гялгар уутны хэрэглээг 60-80 хувиар бууруулсан сайн туршлага бий. АНУ-ын Калифорни болон Хавай муж улс гялгар уут хэрэглэхийг хориглодог. Хавай муж улсынхан 2015 оноос гялгар уутнаас татгалзсан бөгөөд 2020 он гэхэд гялгар уутнаас бүрмөсөн салах зорилт тавьжээ. Манай улсад ч гэсэн энэ ажлыг хэрэгжүүлэхээр болсон нь сайшаалтай. Иргэд даавуун болон цаасан уут худалдаж авбал удаан хугацаагаар ашиглана. Урагдаж, элэгдсэн тохиолдолд "Од пластик”, "Сайн цаас”, "ОБ пластик” зэрэг дахин боловсруулах үйлдвэрт тушааж хаягдлаа баялаг болгох боломжтой. Хүсвэл дуудлагаар дахивар ачих үйлчилгээ үзүүлдэг "царцаа ногоон”-ууд руу ч залгах боломж бүрдээд буй. "Цэгц”, "Тагтаа”, "Богцхон”, Хараагүйчүүдийн хөдөлмөр эрхлэх төв зэрэг даавуун уут үйлдвэрлэдэг газар ч олширлоо. Бид өөрсдөө хичээвэл гялгар уутнаас салах цаг хаяанд байна.

 
Эх сурвалж: Өнөөдөр сонин  Г.Баясгалан