|

ОХУ-ын хөрөнгөөр баригдсан барилгыг Монголын талд шилжүүлэх талаар ярилцав

Дархан-Уул аймгийн удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын "Хилийн чанадад байгаа, төрийн өмчийг удирдах газар”-ын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзав.

Тус уулзалтаар Дархан сумын 4, 5 дугаар багт байрлалтай хуучнаар "Шүүхийн байр”, 3, 4, 6 дугаар байр, "Жигүүр” цогцолбор сургуулийн байр зэрэг ОХУ-ын өмчийн 12 объектуудын үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс шилжүүлж шинэчилж бүртгэх, эдгээр объектуудын  ашиглалтын газрыг нарийвчлан тогтоож улмаар 3, 4 дүгээр орон сууцыг Монголын талд хүлээлгэн өгөх тухай хэлэлцжээ. Эдгээрээс 3, 4 дүгээр орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг асуулт олон жилийн өмнөөс тавигдаж ирсэн ч бүрэн төгс хариулт өгөх эзэн байхгүй байсаар өдий хүрчээ. Иймд оршин суугчдад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг дарга А.Энхболд хүслээ. Мөн үеэр Сум дундын шүүх, "Жигүүр” цогцолбор сургуулийн объектуудын үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн гэрчилгээг Оросын талд гардуулсан бөгөөд ОХУ-ын Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөх Набатчикова Анастасия Анатольева уг асуудалд аймгийн удирдлагууд шуурхай ажиллаж хоёр гэрчилгээ олгосонд талархал илэрхийлэв.

Эдгээр 12 объектод холбогдох ашиглалтын газар, гэрээг шинэчлэн бүртгэх зэрэг асуудлууд нь хоёр улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын хүрээнд яригдаж байгаа тул ирэх ирэх дөрөвдүгээр сард ОХУ-ын ГХЯ-ны сайд С.В.Лавров манай улсад айлчлах үеэр шийдвэрлэгдэнэ гэж аймгийн Засаг дарга А.Энхболд ярилаа.

Б.Норовсамбуу