Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүллээ хэмээн шагшин шуугьж байсан нь гурван жилийн өмнө. Тухайн үед 18 жилийн өмнөх хэргийн гүйцэтгэгчдийг илрүүлэн шийтгэж, талийгаачийн ар гэр төдийгүй Монголын ард түмний хүлээлтийг тайлсан нь тэр үеийн төр засаг, хууль, шүүхийн удирдлагуудад өндөр оноо болсон билээ.
Шүүхийн шийдвэрээр яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл энэхүү үйл явдал нь сонгуулийн ээлжит жүжиг, харгис хэлмэгдүүлэлт байж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр уг хэрэгтэй холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн юм.
Ингэхдээ хэрэгт холбогдож шийтгэл хүлээсэн хүмүүсийг эрүүдэн шүүж, ял тулгасан нь тогтоогдсон тул ар гэрийнхнээс нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд уучлал гуйж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр "С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болж байгаа. Би анхнаасаа хэлсэн. Хаврын синдром тусч би энэ асуудлыг яриагүй юм шүү.
Илээр хүний хашаанд нас барсан хүний цогцос аваачиж хаяж байгаа хүмүүс далд үүнээс дор зүйл хийж байгаа гэж мэргэжлийн хувьд мэдрэмжээрээ ярьж байсан юм. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Энэ бүх ажиллагааг гардан зохион байгуулсан нэг хүн бас хоригдсон.
Би сайдын ажлаа буцааж авахдаа нэг хүн халсан байх аа. Шийдвэр гүйцэтгэхэд ахлах дэслэгч цолтой байснаа яагаад хурандаа болж, тагнуулыг удирддаг юм бэ гээд явуулсан. Одоо энэ хүн шалгагдаж байгаа. Цаашдаа ч шалгагдана. Монголд хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал болохгүй байтал нь арга хэмжээ авах ёстой. Би хоригдож байгаа хоёр ялтантай очиж уулзсан.
Намайг хэрэгт татаж, шалгана гэж айлгаж байсан. Хийгээгүй хэрэгт гэм зэмгүй хүн хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж хоригдож байгааг нүдээрээ үзэх гэж би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Аль аль нь 40 гарсан насны хүмүүс. 20-25 жилийн ялтай. Ийм ялтай хүмүүс гянданд тэснэ гэж байдаггүй юм. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Б.Содномдаржаатай ч уулзсан. Өчигдөр (уржигдар) эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах л юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад шүүх нь энэ хүмүүсийг суллатал явна гэж бодож байгаа. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би Б.Содномдаржаагийн ар гэр, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс уучлал гуйж байна.
Аймшигтай аргууд хэрэглэсэн. 1937 оны үйл явдал сэргэснийг би нүдээрээ үзлээ. Зарим хүмүүс ийм юм хийдэг юм байжээ. Энэ хэрэгт би тултал нь явна. Монголын хуульчид дахиж хэзээ ч хүнийг харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүдэг байдлыг гаргуулахгүйн тулд системийн чанарт өөрчлөлт хийх шаардлага харагдаж байна.
Би 1970-аад оноос хойш Монголд гарч байсан дуулиант хэрэг бүрийг ерөнхийд нь мэднэ. Би ийм аймшигтай юм үзээгүй, сонсоогүй. Ийм аймшигтай явдал болсон байж болзошгүй дүр зураг харагдаад байхаар нь чадан ядан тэмцсэн. Хэд хэдэн удаа хэрэг үүсгүүлж үзсэн. Өмгөөлөгчдийг их шахаж байсан. Тэмдэглэлийг нь хүртэл улсын нууцад хамруулж хурааж авсан. Хүүхдийг нь хар тамхины хэрэгт холбогдуулж цагдаад байцааж дарамталж, шахсан. Захиалагчийг нь олох биш бүр будилуулсан байна лээ. Хариуцлагагүй хянасан шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хэрэг их хол явна” гэсэн юм.
Тухайн үед зарим хүн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, улс төрийн хэлмэгдүүлэлт болж байна хэмээн шүүмжилсэн байдаг. Харин хуулийн байгууллагуудаас энэхүү хэрэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдсон гэдгийг тайлбарлаж байв. Тухайлбал, нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Цагийн хүрд” нэвтрүүлэгт оролцохдоо хэргийг нотолсон баримтуудыг дурдаж байсан.
Тэрбээр "Хэргийн гэрч эмэгтэй шүүх хуралдааны үеэр яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө хэрэг болсон байрны орчимд эргэлдэж байсан хүмүүс болохыг таньсан. Ц.Амгаланбаатар нь талийгаач С.Зоригийн гэрийг таньсан. Үүнийг нь засвар хийсэн угаалгын өрөөг таниулж баталгаажуулсан.
Үүнийг нотлох бичлэгт Ц.Амгаланбаатар ярихдаа Б.Содномдаржаа "Авгайг нь амьд үлдээгээрэй” гэж хэлсэн тухай дурдсан. Мөн аллага хийсэн байрны угаалгын өрөө маш их өөрчлөгдөж засвар хийсэн байгааг таньсан” зэрэг баримтыг бичлэгтэй нь харуулж байлаа. Мөн тухайн хэргийг үйлдэхийг харсан Б.Булганы өгсөн мэдүүлгээс гаргасан гэмт хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зураг таарч байгааг үзүүлсэн байдаг.
Харин одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр хэлмэгдүүлэлт болсон эсвэл шүүхийн шийдвэр шударга гарсан эсэх нь эргэлзээтэй боллоо. Аль нь ч үнэн байсан улстөрчид ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр 21 жил улс төр хийлээ. Одоо хангалттай биш үү.
Эх сурвалж: Үндэсний шуудан