Хэдийнээсээ "шийдэмгий, мужик” чанараараа ард түмнийхээ итгэлийг олсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурандаа маань цэргийн баяраар сэтгүүлчдийг дагуулан Өмнөд Судан улсад сүр дуулиантайгаар айлчлаад ирснийг бид мэднэ. Айлчлалын зорилго нь тэнд үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудаа эргэх байв. Гэвч цаад учир нь цэргүүдээ эргэх байв уу? Эсвэл рекламныхаа шторкны зургийг авахуулах байв уу? Энэ мэт эргэлзээ төрүүлэхээр олон асуулт иргэдийн дунд бий.
Уг нь Ерөнхий сайд гэх албан тушаал нь УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж буй Засгийн газрыг үүрэг чиглэлээр хангах, үүнд нь хяналт тавьж ажилладаг байх ёстой баймаар. Гэтэл цэргээ эргэх нэрийдлээр дайны байдалтай улс руу айлчлал хийх нь Ерөнхий сайдын ажил мөн үү?
Хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өмнөд Судан руу айлчилж энхийг сахиулагчдын үйл ажиллагаатай танилцаж байсан. Тэгвэл бидний мэдэж байгаагаар энэ чиглэлийн ажил нь Ерөнхийлөгч буюу Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ажил байх ёстой харагдана.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг даган дуурайх хоббитой гэдгийг та бүхэн мэднэ. Хэрээ галууг дуурайгаад байна уу гэлтэй инээдтэй үйлдлүүд Ерөнхий сайдад маань их бий. Путин буу баривал Хүрэлсүх буу барина. Путин цэргүүдтэйгээ селфидэв... мань эр бас л цэргүүдтэйгээ селфидэв. Гэнэт Путин баавгай унаж таарав... Хүрэлсүх Монголд ямар сургуулилттай баавгай байх юм биш гээд оронд нь морь унаж зураг даруулав. Энэ мэт түүний утгагүй пиарууд цахим орчноор дүүрэн. Үе үе уур нь хүрэхээрээ хүн "цохичихдог” хурандаагийн маань пиарууд ийм л энгийн. Үнэхээр л тэрбээр Путинг дуурайсан пиар хийх дуртай юм бол Путинтай ижил түвшний шийдвэр гаргах ёстой бус уу.
Хуягт машин дээр сууж авахуулсан зураг нь хэзээний нэг зэвсэглэлээр хөөцөлдөж буй цэргийн дэглэмтэй улсын дарангуйлагчийг санагдуулмаар. Түүнчлэн Ерөнхий сайдын маань гарын үсэгтэй "Монгол Улсынхаа төлөө зүтгэе” гэх хилийн цэрэг, цагдаагийн албан хаагчдыг тоглуулсан рекламууд телевизээр цаг тутам гараастай. Нэг секундын рекламны үнэ дунджаар 5000 төгрөг. Тэгвэл өдөрт дор хаяж 10 удаа дэлгэцээр гарах Хүрэлсүх хурандаагийн рекламны санхүүжилт хаанаас гардаг вэ? Мэдээж эдгээр нь Монгол Улсын Засгийн газраас мэндчилж байна гэх учраас зардал нь улсын төсвөөс гардаг нь тодорхой.
Өөрийгөө шүдгүй арслан шиг хэмээн ярьдаг Ерөнхий сайд хурандаа маань цэргүүдийнхээ дунд гэнэт л шүдтэй арслан шиг болчихдог нь сонин шүү. Хаана л цэргүүд бэлтгэл хийж, гүйж харайж байна, тэнд Ерөнхий сайд маань байж л байна. Хааяа энэ хүнийг Ерөнхий сайд биш, Батлан хамгаалахын сайд билүү гэж андуурахыг нуух юун.
Дээрх утгагүй үйлдэл, пиарууд нь залуу үеийг улиг болсон цэргийн дэглэмтэй социализм-коммунизм руу уриалан дуудаж буй мэт.
Мэдээж энэ бүгд нь түүний ирэх оны сонгуулийн пиар байхыг ч үгүйсгэхгүй. Харин сонгуулийн пиараа Судан руу энхийг сахиулагчдаа эргэж байгаа нэрийдлээр бас л цэвэрхэн хийчихжээ. Телевизийн түмэн сэтгүүлч, зураглаачдыг тэнд алба хааж буй цэргийн аавын хамт дагуулж очсон зэрэг зардлыг тооцоод ч хэрэггүй биз. Энэ пиараа ард түмний хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн нь харин туйлын харамсалтай.
Аргагүй л цэргийнхээ хөдөлмөрийг шулдаг цэргийн дарга шиг удирдагч мөн дөө.
Г.Тэмүүлэн