|

Оросын транзит тээвэрт олгосон давуу эрх дотоодын компаниудад цохилт болж байна

Монголын нутгаар дамжуулан Хятад руу чиглэсэн Оросын төмөр замын транзит тээвэр эдийн засгийн хувьд Монголд ч, Орост ашигтай байгааг албаны хүмүүс хэлдэг. Энэ ч аргагүй Европыг Азитай холбох хамгийн дөт төмөр замын маршрут болж байгаа юм.

Европ-Азийг холбосон Транс-Сибирийн гол тэтгэгч шугам болох Наушки-Эрээн чиглэлийн Монголыг дамжин өнгөрөх /Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн/ төмөр зам нь 1110 км урттай. Энэ нь Монголын хоёр талаар тойрох Казахстаны коридороос 513, Манжуурынхаас  748 км дөт юм. Хэдий дөт замд тооцогдож байгаа ч 2016 онд манай нутаг дэвсгэрээр 167 чингэлэг галт тэрэг явсан бол Казахстанаар 10 дахин их буюу 1700 чингэлэг, Манжуураар  дамжуулан 1200 чингэлэг галт тэрэг явсан байна. Нөгөөтэйгүүр Монголыг тойрох хоёр төмөр зам өндөр ачаалалтай байдгийг Хятадын тал ч, Оросын тал ч онцолдог.

Монголоор дамжин Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу ачаа тээвэрлэх хугацааг хурдасгаж, ОХУ-аас БНХАУ чиглэлд 31 цаг байсныг 28 цаг, БНХАУ-ОХУ чиглэлд 36 цаг байсныг 31 цаг болгосон байна.

УБТЗ өнгөрсөн 2018 онд 25 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн түүхэн дээд амжилт байсан бөгөөд энэ амжилтын чамгүй хэсгийг транзит тээвэр гүйцэтгэсэн байна. Гэвч сайны хажуугаар саар гэж Оросоос Хятад руу чиглэх транзит тээвэр нэмэгдэхийн хэрээр дотоодын компаниудын тээвэрт чингэлэг хүрэлцэхгүй байх зовлон үүсээд байгаа. Мөн Оросын транзит тээвэрт хөнгөлөлт үзүүлсэн нь дотоодын компаниудын өрсөлдөх чадвар сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Монголын компаниуд дотоодын ачаа тээвэрлэлтээ Эрээний боомт руу УБТЗ ачааны галт тэргээр хийхэд 300 км 1.100.000 төгрөгөөр хийгээд ачаалал 100% байсаар байтал Оросын транзит тээврийг Наушкаас Эрээн хүртэл 1.200 км зайд ердөө 700.000 төгрөгөөр тээвэрлэж байгаа нь үндэсний компаниудыг маш их алдагдалд оруулж байна.

2017 оны хоёрдугаар сараас Оросын транзит тээвэр 15 хувийн хөнгөлөлт үзүүлэх энэхүү шийдвэрээ цуцлахыг үндэсний компаниуд У БТЗ-аас шаардаж, тэгш нөхцөлөөр хандахыг төр засгаас хүсэж байгаа юм.

 

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN, А.ЧАНДМАНЬ