Манай төрийн түшээд сонгогчдынхоо төлөөлөл болж, ухамсартайгаар чуулганы хуралдаа суудаг байсан бол ийм үнэтэй төхөөрөмж худалдан авчихаад өнөөх нь доголдож, олны амны зугаа болохгүй байсан болов уу. Сар хүрэхгүй хугацаанд доголдож байгаа машин манай "дэггүй” гишүүдийг хянаж, бүртгэж чадах болов уу. Цаашид ойр ойрхон ингэж доголдвол хариуцлагыг хэнээс нэхэмжилж, 600 сая төгрөгөө хэнээс нэхэмжлэх вэ. Ийнхүү 600 гаруй сая төгрөгийн өртөгтэй гишүүдийн хурууны хээ унших төхөөрөмж сар хүрэлгүй доголдож байгаа нь энэ. Үүнээс үүдэн УИХ-ын дарга Г.Занданшатар " УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хий. Чадахгүй бол ажлаа өг. Ямар учиртай юм авчихсан юм бэ. Тамгын газрын дарга Ц.Цолмон огцор" хэмээн бухимдлаа илэрхийллээ. Уг нь хаврын чуулган нээхээс өмнө техник, программ хангамж нь шийдэгдчихсэн хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдэгдэж байсан юм.