|

Нэр бүхий гишүүд М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы танхимын үүдэнд суулт зарлалаа

УИХ-ын гишүүн Х.Оюунбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы танхимын үүдэнд суулт зарлаж байна. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол хуралдаа суухгүй гэж мэдэгдлээ. 

Тэд "УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ОГЦОР. М.ЭНХБОЛД УИХ-ЫГ ДАРГАЛАХ ЁС ЗҮЙН ЭРХГҮЙ" гэсэн лоозонг барьжээ. 

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэх товтой ч УИХ-ын даргыг огцортол хуралдаа суухгүй гэж бойкот зарласан гишүүд хуралдаа суухгүй эсэргүүцлээ үргэлжлүүлж байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд "ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар сайд нараа чуулганы танхимд оруулж ир. Засгийн газар чуулганы хуралдааныг бойкотлохоо боль. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх ёстой. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын танхим 100 хувь парламентаас бүрдсэн. Тиймээс хуралдааны ирцэнд сөргөөр нөлөөлж болохгүй" гэлээ.  

Нэг цаг өнгөрсний дараа сая нэг ирц бүрдэж УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

 

Medee.mn