|

"Дарханы замыг хэсэгчилж хаана, одоогоор газар чөлөөлөх болон түр замын ажил хийгдэж байна"

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэр 2018 онд Засгийн газраас гарсан байдаг

Ингэхдээ тусгаарлах зурвас бүхий нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээтэй зам болгохоор шийдвэрлэсэн юм.

Дарханы замыг бүтнээр нь хаахгүй

Дарханы зам барих ажлын явцын талаар Зам тээвэр, хөгжлийн яамны зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ "Өнөөдрийн байдлаар Дарханы үндсэн замын хажуугаар түр зам гаргах, өндөр хүчдлийн шугам болон шилэн кабелийг зайлуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. 

Мөн замын трасст орсон барилга байгууламжууд, газрыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа.

Энэ Баасан гарагт ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж зам дагуух трасст орсон барилга байгууламжийг чөлөөлөх асуудлаар сумын удирдлагуудтай уулзалт хийнэ.

Үндсэн замын ажил түр зам гаргаж дууссаны дараа эхэлнэ. Дарханы замыг бүтнээр нь хаахгүй. Хэсэгчилж хааж замын бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. 2-5 километрээр хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн байгаа.

Өөрөөр хэлбэл, 2 километр үндсэн замыг хаасан үед түр замаар зорчоод эргээд үндсэн зам руугаа орж явна" гэсэн мэдээлэл өглөө.

Тус замын санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар шийдвэрлэсэн. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж.

2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь эхний ээлжинд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон шинэчлэх бүтээн байгуулалтын төсөлд зориулагдана.

Эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэнэ

Түүнчлэн газар чөлөөлөх ажилд дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө мөнгө шийдэж өгч байсан юм.

Энэ талаар "Газар чөлөөлөлтийн ажилд 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталж өглөө. Үүний дагуу бид 64 объектыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа ба үүнд орж буй холбооны, цахилгааны шугам гэх мэт шугамуудыг зөөх ажил эхлэхээр болж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх эхний хоёр эгнээ зам засварын ажлын тендер тавдугаар сарын 2-нд нээгдэх юм. Ингэснээр Дарханы замыг 2019 ондоо багтааж ашиглалтад оруулахаар тооцож байна. Харин нөгөө хоёр эгнээ нь шинээр баригдах тул 2020 онд багтаж дуусна гэсэн тооцоотой байна" хэмээн Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлжбайсан юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5,800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг байна.

Харин наадам, цагаан сарын баярын үеэр өдөрт 12,300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг, хөдөлгөөний эрчим ихтэй  авто зам.