|

Хятад улс судалгааны хоёр хиймэл дагуул амжилттай хөөргөв

Хятад улс судалгааны хоёр хиймэл дагуул амжилттай хөөргөв

 

БНХАУ шинжлэх ухаан-судалгааны хоёр хиймэл дагуулыг тойрог замд амжилттай оруулсан тухай тус улсын Сансрын шинжлэх ухаан, техникийн корпорац /CASC/ мэдээлжээ.

"Wechat” нийгмийн сүлжээн дэх "CASC”-ийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, "Тяньхуэй-2" хиймэл дагуулуудыг орон нутгийн цагаар 06 цаг 52 минутад Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Тайюань сансрын буудлаас "Чанжэн-4В” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөсөн байна.

Тойрог замд оруулсан хиймэл дагуулуудыг геодезийн судалгаа болон зураг зүйн үйл ажиллагаанд ашиглах аж. "Чанжэн" загварын зөөгч пуужингийн хувьд 303 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөж байгаа юм.

БНХАУ сансар судлалын үндэсний хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа билээ. Тус улс цаг уур, харилцаа холбоо, навигацын хиймэл дагуулуудаас гадна, солирууд болон Ангараг гарагийг судлах технологийг боловсруулж байгаа юм. Хятадын эрдэмтэд сансрын эдгээр биетийн гадаргууг 2020-2025 онд эрчимтэй судлахаар төлөвлөжээ.