Аж үйлдвэр хөгжих дэд бүтэц сайтай, хүн амын нягтралтай, бизнесийн боломж өндөртэй манай аймаг эдийн засгийн гол цөм болсон салбарууддаа гадаад дотоодын хөрөнгө оруулалт татахаар анх удаа олон улсын эдийн засгийн форумыг 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 150 гаруй төлөөлөл хуран цугласан тус форумын үеэр дэд бүтэц, хөнгөн хүнд үйлдвэрлэл, боловсрол, шинжлэх ухааны олон төсөл хөрөнгө оруулагчдад танилцуулагдлаа.
Орон нутагт гадны хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ийм өргөн арга хэмжээг өмнө нь зохион байгуулж байгаагүйг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан онцлов. Форумын эхний өдрийн хуралдааныг "Дархан хотын хөгжлийн төлөв”, "Дарханы аж үйлдвэрийн хөгжил”, "Дархан хотод хөрөнгө оруулалт хийх боломжууд” гэсэн гурван асуудлаар хийлээ. Бизнесийнхэн хөрөнгө оруулагчидтай танилцах маягаар урьдчилсан уулзалт хийсэнгүй, гарах зардлаа олох ашгаа тооцсон бэлэн төслөө танилцуулж, нөхцөл байдлаа сайтар хэлэлцэж хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгсөн нь чуулганы ач холбогдлыг өндөрсгөж байлаа.
Металлурги, барилга, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсролын салбарын олон төсөл танилцуулагдсанаас хот, томоохон суурин газруудын хамгийн тулгамдсан асуудлын нэг болох хог, хаягдлыг дахин боловсруулах замаар дизель түлш гарган авах төсөл багагүй анхаарал татсан юм. "Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн чуулганд Канад, Бүгд Найрамдах Турк Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, бизнесийн хамтын ажиллагааны боломж хэр байгаад үнэлэлт дүгнэлт өгсөн юм.
Төвийн бүсийн тулгуур төв болох манай аймаг нь төмөрлөгийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, арьс шир боловсруулах үйлдвэрлэлээр улсын хэмжээнд тэргүүлэх байр суурийг эзэлдэг. Аливаа бизнесийг хөгжүүлэх хамгийн гол хүчин зүйл болох дэд бүтэц нь бэлэн гэсэн үг юм. "Дарханы хөгжил” олон улсын эдийн засгийн форум-2016 ч аймгийн хөгжлийн ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтойг чуулганыг зохион байгуулагчид онцолж байна.