|

Зеленский өнөөдөр тангаргаа өргөнө

 

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тангараг өргөх ёслолтой холбогдуулан тус улсын Дээд Радагийн баярын хурал даваа гарагт болно. Зеленский Украины ард иргэдэд тангараг өргөж, төрийн тэргүүний эрх мэдлийн албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээж авна. Украины Дээд Радагийн баярын хуралд хүндэт зочид оролцох төлөвтэй байна. Тодруулбал, Латви, Литва, Эстони, Гүрж болон Унгарын Ерөнхийлөгч нар, мөн Туркийн дэд Ерөнхийлөгч, Молдав улсын Ерөнхий сайд, Азербайжаны Засгийн газрын тэргүүн оролцоно. АНУ-ын Эрчим хүчний сайд болон Канадын Батлан хамгаалахын сайд оролцоно гэдгээ мэдэгджээ. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал, аюулгүй байдлын бодлого хариуцсан туслах Алехандро Альваргонсалеса тангараг өргөх ёслолд тус эвслийг төлөөлөн оролцох аж. 

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, тангараг өргөх ёслолд Беларусь, Румын, Словак, Болгар улсын шадар сайд нар болон өөр 40 гаруй өндөр дээд түвшний төлөөлөгч хүрэлцэн ирэх ёстой байна. Түүнчлэн Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког тангараг өргөх ёслолд урьжээ. Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох урилгыг Москва Киевээс хүлээж аваагүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлсэн байна. Тогтсон уламжлалын дагуу Зеленский Дээд Радагийн танхимд тангаргаа өргөх аж. Украины ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский ялсныг тус улсын Сонгуулийн төв хороо дөрөвдүгээр сарын 30-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд тэрбээр сонгогчдын 73.22 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч Порошенког сонгогчдын 24.45 хувь нь дэмжжээ.

Д.Жаргал