Зодоон гэдэг бол цаанаа л хортой зүйл. Аливаа зодооны дараа аль нэг тал нь ихээр хохирч үлддэг учиртай. Улс төрийн "зодоон" ч мөн адил дүрмээр өрнөдөг. Ер нь л зодоон гэдэг туйлын хортой зүйл шүү. Зодуулсан нэг нь хүндээр хохирч, зодсон нөгөөх нь бас л чамгүй хохирол амсдаг.
Тэгвэл яг ийм "зодоон" яг одоо Ардчилсан нам дотор өрнөж, талууд араа шүдээ арзайлгаж байгаад олон нийтийн өмнө бараг л ил "зодолдож" эхэллээ. Урдаас сэм өрнөсөн уг "зодоон" өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард төмөр замын гэх томьёололтой Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, "Монголын Төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяагийн хэргээс эхэлж олны өмнө ил гарсан түүхтэй. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зохион байгуулсан уг ажиллагааг эртнээс судалж, гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст тодорхой баримт нотолгоог гартаа оруулж чадснаар эхлүүлсэн гэдэг. Тийм ч учраас улс төрийн шинжтэй, магадгүй араасаа цөөнгүй тооны улстөрчид, албаны хүмүүсийг "ороож" болзошгүй хэргийг зоригтойгоор хөндөж хөшигний ард өрнөж байсан нууц "зодоон"-ыг ил болгосон байх.
Уг хэргийг онцолж ярих болсон нь учиртай. Яагаад гэвэл үүгээр дамжуулан нэг хэсэг нь нөгөө бүлэглэлээ дарж авах эс бөгөөс "намнах" тактиктай нэгийгээ үзэцгээж байна. АН-д үүсээд буй нөхцөл байдалд УИХ-ын дарга, намын дарга З.Энхболдоор тэргүүлүүлсэн Шонхорынхон болон Алтангадас удаахтай бусад "саармаг" фракциуд, эх оронч хэмээх брэндтэй Х.Баттулга тэргүүтэй МоАХ фракц гэсэн өнцгүүдтэй гурвалжин зүйл өргөж байна. Байдал эвгүйтвэл аль нэг нь хүндээр шархтана. Өнгөрсөн жилүүдэд Алтангадас АН-ын зүг чигийг тодорхойлж ирсэн нь үнэн. Гэхдээ З.Энхболд намын дарга болсон цагаас хойш Шонхор тэдний байр суурийг булааж, хойморт заларч байсан тэднийг хатавч рүү хадрах болов. Энэ нь ирэх сонгуулиар МАН-тай хамтарсан ЗГ байгуулна хэмээн төлөвлөж байгаа Алтангадасынханд таалагдахгүй байгаа учир жинхлэгдээгүй намын даргыг түлхэн унагаж намын даргыг ямар ч үнээр хамаагүй өөрсдөө авах нь чухал гэсэн бодлоготой яваа. Учир нь сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулж эрх мэдэлд хүрсэн тэдэнд 2020 оны сонгуульд намаа удирдана амжилттай оролцох нь нэн чухал юм. Түүнээс ч урьтаж Ерөнхийлөгчийн сонгуульд хээ шаагүй гэх тодотголтой Н.Алтанхуягийгаа нэр дэвшүүлэх холын бодолтой харайлгаж яваа улс. Харин нөгөө талд намын нөхөд нь Н.Алтанхуягийн Засгийн газрын хэд хэдэн хүнийг цагдан хорьж, орон шоронд "илгээгээд" байна. Тэр ч байтугай хүргэн хүүг нь хүртэл хэрэгт унагаад амжсан. Тийм учраас намдаа эзлэх байр суурь нь ганхаж буй Алтангадасынхан одоо боломжит цагийг хүлээж суугаа.
Нөгөө талд Ерөнхийлөгчийн үүрэг оролцоо ч их байгаа эх сурвалжууд дурдаж байгаа. АТГ болон ЭЦГ хоёр төмөр замын хэрэг дээр хамтарч ажилллаж байгаа. Өөрөөр хэлбэл ирээдүйгээ томоор харж байгаа Алтангадас фракцийнханд Ерөнхийлөгч хэмээх том ар тал байх нь чухал. Тиймээс л тэд МоАХ-ын тэргүүний эсрэг "жадаа" зоригтой сунгаж байгаа байх Саяхан Ерөнхийлөгч сошиал сүлжээнийхэнтэй уулзахдаа Х.Баттулгаа нүүр нүдгүй баахан "гөвшиж" өгсөн. Тэрбээр, гадаадад зугтаалгасан нөхдөө аваад ир, үнэхээр гэмт хэрэг үйлдээгүй юм бол шалгуулах хэрэгтэй. Хууль зүйн сайд руу бичээд байгаа зүйлээ буруу газарт явуулаад байна. Их Хурлын даргад өргөдөл гаргаад гишүүнээс татгалзаж байгаад шалгуул. Монголд хууль хяналтын байгууллагыг дорд үздэг хоёр этгээд байна, Эхийн сүүийн ард хор хулгай хоёроо нуух хэрэггүй..." гэх мэтээр хатуухан үгсийг зовлонгүй хэлж харагдсан. Уг нь Ерөнхийлөгч МоАХ-оос гаралтай нэгэн. 2017 онд Ерөнхийлөгчийн суудлаасаа буугаад "төрхөмдөө" буцахад магадгүй замд нь одоогийн МоАХ-ын тэргүүн сөргөөр нөлөөлж болзошгүй гэж бодсон ч байж болох юм.
Ийнхүү АН доторх эрх мэдлийн толхилцоон хэрээс хэтэрч байгаа нь тодорхой боллоо. Өчигдөр гэхэд л "хулгайч хулгайчаа бариарай" гэдэг шиг инээдтэй зүйл боллоо. Өөрөөр хэлбэл эрх баригчид эрх баригчдынхаа эсрэг жагслаа. Ингэхдээ Х.Баттулга төрд сонгож болохгүй, нэр дэвшлээ гэхэд дэмжихгүй байх хүмүүсийн нэрс гээчийг зарлав. Үүнд, Л.Энх-Амгалан, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Г.Батхүү, Д.Хаянхярваа, Д.Зоригт, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, М.Энхсайхан гэх мэт гишүүдийн нэрсийг дурдлаа. Тэр дундаа "та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү." хэмээн онцлов. Тэр М.Энхсайханыг онцлох нь аргагүй. Тавантолгойг өөр замаар явуулах гэж оролдсон хүн бол МҮАН-ын дарга. Хачирхалтай нь ямар шалтгаанаар намынхаа Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга болон Г.Батхүү зэрэг гишүүдийг дахиж сонгож болохгүй гэж хэлэв. Энэ бүх "зодоон"-ы цаана З.Энхболд өөрийгөө "цэвэрлэж" гол дайн МоАХ, Алтангадас нарын хооронд өрнөж байна. АН-ынхан ер нь л МоАХ-ыг эвгүйтэлхээр шийдсний нэг илрэл нь Г.Батхүүгийн үүсгэн байгуулсан "МоАН санаачлага" гэдгээс харж болно. Хэдийгээр Л.Болд тэргүүлэгч нь боловч гол санхүүжүүлэгч нь Г.Батхүү. МоАН санаачлага бол шууд утгаараа МоАХ-д гомдогсдыг цуглуулж Х.Баттулгын фракцийг хүчгүй болгох гэсэн зорилтот хөтөлбөр юм.
Ер нь АН-ынхан сүүлийн үед нэгдсэн нэг бодлогод зангидагдаж чадахгүй боллоо. Үүнийг хамгийн том жишээ нь Засгийн газрын асуудал. Ерөнхий сайдын талынхан МАХН-аас ЭМС-ын сайдыг тавина гэж байгаа бол З.Энхболд тэргүүтэй бусад бүлэглэлийнхэн нь ЭМС-ын сайдыг АН-аасаа тавих бүр цаашилбал МАХН-ыг засгас хөөх асуудлыг ярьж байгаа. Харамсалтай нь талууд тохироонд хүрч чадахгүй байгаа учир өдий хүртэл ямар ч үйлдэл хийж чадахгүй явна.
Ямартаа ч сонгуулийн өмнөхөн эрх баригчид хоорондоо толхилцож байгаа нь тэдэнд л хортой үр дагавар авчирах байх. Харин үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа харах л үлдлээ.