Төр засгийг удирдаж байгаа МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөх гэж их л яарч, адгаж байгаа нь илт. Тэднийг эцэг хуулиараа оролдож байгааг зөв, буруу гээд үндэслэлтэй, олигтой, жинтэйхэн шүүмжлэх сөрөг хүчин ч алга. Улс төрийн намуудтай дээрх хуулийн төслийн талаар ямар нэгэн зөвшилцөлд хүрсэн зүйл ч одоогоор алга. Хуулийн төслөө хам хум боловсруулсан болоод л яаран сандран хэлэлцэж эхэллээ.Энэ нь МАН-ынханд улс төрийн ашиг тус ихтэй байх шиг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн тодорхой зарим заалтыг өөрчлөх нь хувийн эрх ашигт нь нэн хэрэгтэй байгаа болохоор л гэрлийн хурдаар ажиллаж эхлэх шиг боллоо.
Үндсэн хуулийг үнэхээр өөрчилье, цаг үетэй нь дүйцүүлье гэсэн бол өөр ямар нэгэн хууль давхар хэлэлцэх ёсгүй. Учир нь бүх хуулийн эцэг нь Үндсэн хууль. Хамгийн чухал хуульдаа өөрчлөлт оруулж байгаа тул ул суурьтай хандах нь юу юунаас чухал. Хэрэв УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхэлбэл ард иргэдийн санал асуулгыг авах ёстой. Үүний дараа үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Санал асуулга хэд хоног ч үргэлжилж болно. Ингээд бодохоор энэ УИХ Үндсэн хуулийн асуудлыг оролдсоор байгаад есдүгээр сартай золгож таарах нь. Есдүгээр сараас 2020 оны Улсын төсөв батлах асуудлыг хэлэлцэх учиртай.УИХ-ын гишүүн бүр өөр өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн төсвөө зохиох, батлуулах гэж бөөн юм болдог халуун өдрүүд гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Улсын төсөв бүрэн батлуулах асуудал арванхоёрдугаар сар дуустал үргэлжилдэг. Тэгэхээр энэ УИХ-ын ганц хийсэн ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт болж таарах гээд байна, баталж амжвал шүү дээ.
Баталчихвал аль ч утгаараа МАН-ынханд ашигтай. Учир нь, УИХ-д 65 суудал авсан МАН-ынхан олны дургүйцэл, зэвүүг хүргэсэн улс төрийн акц, попрол олон хийсэн. Үүний ганцхан жишээ нь, Оюу толгойг тойрсон асуудал. Нэг хэсэг "Оюу толгойг оролдоод эхлэх юм бол нэр хүндтэй болох юм байна. Энэ чигээрээ зүтгээд байвал Оюу толгойн гэрээг цуцалж болно” гэж сэтгээд улстөрчид нь муйхарлаад зүтгэчихсэн. Нэр бүхий улстөрчид цагаан хөөс сахруулаад л "Оюу толгой Монголд үр өгөөжгүй. Гэрээг нь цуцална” гэж попорсон. Тэд "Сайн нэр олох гэж Оюу толгойгоор оролдож байгаад үйл ажиллагааг нь нам зогсоочихвол улсаа хорлох юм байна. Тэгвэл сайн нэр олох гэсэн биш хэдэн үеэрээ буруудаж мэднэ” гэдгийг ашгүй ойлгож ухаарсан. Адаглаад "Уул уурхайгаас болж эдийн засаг уналтад орж, ам.долларын ханш өснө. Хэдэн мянган залуу ажилгүй болно. Гадаадын хөрөнгө оруулалт зогсоно” гээд бүх зүйлд халгаатай гэдгийг мэдсэн. Мөн УИХ-ыг тараах гэсэн Ерөнхийлөгчийн удаа дараагийн дарамт бий болоод байгаа. Иймд "Засгийн газрыг огцруулна” гэсэн сөрөг хүчний шахаанаас мултрах, Нөхөн сонгуулийн талаарх Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны үр дүнг хэлэлцэхээс зайлсхийж, зугтаах гол гарц нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хувирсан. Энэ хуулийн заалтыг хэлэлцэж байж л хийсэн ажилтай болж, бодлогогүй дэмий хийрхэж, нэр хүндээ алдсан олон зүйлээ мартагнуулах арга хэрэгсэл, бамбайгаа болгохыг зорьж байгаа хэрэг. Энэ ч үүднээс МАН-ынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийхээс огт айхгүй, бардам байгаа. Тэд "Засгийн газар супер болно. Ард түмэн дэмжинэ. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиаар У.Хүрэлсүхийгээ ялна. Дахиад төр засгийг МАН удирдана” гэж тооцоолон бодож байна. Үүндээ бат итгэчихээд зүтгүүлээд байгааг олон түмэн ч харж байна.
ТЭД ҮНДСЭН ХУУЛИЙН ЯМАР ЗҮЙЛ, ЗААЛТУУДЫГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙНА ВЭ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд "Засгийн газрыг эмхлэн байгуулах, давхар дээлтэй сайд дөрөв, таван хүн байх, Парламентын засаглалын үндэс суурийг бэхжүүлж, хэвээр авч үлдэнэ”гэж ард түмнийг тайвшруулж байгаа. Мөн Сумын Засаг даргыг иргэдийн санал хураалтаар сонгох, мөн солих гэсэн заалт нэмж байна. Хотын гэсэн заалт байхгүй хэвээрээ байгаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой томоохон өөрчлөлтийг 2024 оноос хийнэ гэж байгаа. Энэ нь одоогийн Ерөнхийлөгчид ашигтай хувилбар болон хувирсан. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил дутуу байгаа. Мэдээж ард түмний итгэлийг хүлээж байгаад дахин сонгогдож, дөрвөн жил ажиллана. Үүний дараа Үндсэн хуулийн шинэ нөхцөл байдал үүсч, нэмээд зургаан жил. Ингээд 12 жил Ерөнхийлөгчөөр ажиллах боломж олгож, дээр нь Газрын доорх баялгийг төрөөс нийтэд хүрээмжтэй,тэгш шударга байлгах гэсэн заалт оруулж ирсэн байна лээ. Энэ нь нэг ёсондоо нийгэмчлэх гэсэн үг. Уул уурхайн салбарт нийгэмчлэх асуудал ороод ирвэл ноцтой олон асуудал дагуулна гэж эрдэмтэд эсэргүүцэж эхлээд байгаа. Өөр нэг ноцтой зүйл нь УИХ-ыг сонгуулиар байгуулна гэсэн зүйл заалт оруулаад ирсэн байгаа. Энэ нь маш их шүүмжлэл дагуулаад байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгуулиар сонгоно гэж заасан байдаг. Хувь гишүүнийг ард түмний сонгуулиар сонгоно гэснийг намыг сонгох болгочихоод байгаа. Өөрөөр хэлбэл хувь хүнийг биш намыг сонгох болсон гэсэн үг юм. Гэтэл өнөөдөр манай улсад 20 гаруй нам бүртгэлтэй байгаа. Намууд нийтдээ 500 гаруй мянган гишүүнтэй байгаа шүү дээ. Ингэж л МАН-ынхан Үндсэн хуулийн зүйл заалтаар өөрсдийн дураар оролдож, УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.
Сонирхолтой нь хуулийн хэлэлцүүлэгт нэр бүхий дөрөв, тавхан гишүүн суучихсан харагддаг. Ажлын хэсэг гээд их, дээд сургуулийн арав гаруй багш өөрсдийнхөө хийсэн ажлыг тэдэнд рекламдаж, толгойг нь угааж байна. Нөгөө УИХ-ын гишүүд нь хичээл заалгаж байгаа шинэхэн оюутнууд шиг л нүд нь бүлтэлзээд л "Нээрээ л энэ хүмүүсийн яриад байгаа хуулийн төсөл зөв юм байна” гэсэн үл мэдэгчийн царай гаргачихсан сууж байх нь олонтаа.Үнэндээ УИХ-ын гишүүдийн олонхид Үндсэн хуулийн талаар ямар ч ойлголт алга, хамгийн чухал хуулиа хэлэлцэж байгаагаа мэдэж байгаа ч юм алга. УИХ-ын. Гишүүн О.Содбилэг харин "Ажлын хэсэгт орж ажиллаад тодорхой саналууд гаргасан боловч хуулийн төсөлд ороогүй байна. Яагаад саналыг оруулахгүй, хуучнаар засвар хийхгүйгээр оруулж ирээд байгаа юм” гэж шүүмжилж байгаа харагдсан.
Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайрч байгаа МАН-ыхан үгүй ядахдаа дээрх хуулийг хэлэлцэж эхлэхдээ ёслол төгөлдөр эхэлж болоогүй юм байх даа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд нь монгол, буриад, казах гээд үндэстэн, ястны дээлээ өмсөж ирээд хүндэтгэлтэйгээр асуудалд хандаж болох л байлаа. 1992 онд тэр үеийн ардын хурлын депутатууд Үндсэн хуулийг анх батлахдаа хэрхэн хүндэтгэлтай хандаж байсныг мартах болоогүй байна. Тэд 70 гаруй хоног нэг ч завсарлага авалгүй хуралдаж байж. Хуралд оролцож байсан төлөөлөгчид гүйж, гарч бие засчихаад л эргэж ирээд хэлэлцүүлэгтээ ордог байсан гэдэг. Ямар их ач холбогдол өгч, асуудал, зүйл заалт, өгүүлбэр, үг бүрийг хэдэн талаас нь маш нарийн судалж, нухацтай хандаж, гарч болох сөрөг, муу талыг нь хүртэл олон жишээ баримтаар гаргаж ирээд л хэлэлцэж байсан баримт хаа сайгүй. Одоогийн УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг анх батлалцсан хүмүүсийн хөлийн чигчий хуруунд ч хүрэх мэдлэггүй байж ядаж хуулийн төслийн хэлэлцүүлэгтээ суухгүй байна. Ажлын хэсгийн тайлбарыг сонсож, маргаан хэлэлцүүлэг өрнүүлж чадахгүй байна. Тэдэнд хэлэлцүүлгээс илүүтэй Үндсэн хууль гэж ямар чухал хууль болох тухай Ажлын хэсгийнхнээр заалгаж, сонсгох хэрэгтэй байна.
Энэ бүхний эцэст МАН-ынхан Үндсэн хуулийг ард түмний тусын тулд өөрчлөх гээд байна уу, эсвэл одоо байгаа хэдэн дарга нартаа зориулж хулгай хийгээд байна уу гэдгийг ойлгоход бэрх байна.
Э.Хүрэлбаатар
Эх сурвалж: Өдрийн сонин