Өдгөө УИХ-ын түвшинд хэлэлцэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өнгөрсөн хоёр жил тойрон яригдсан. Ингэхдээ "Ард түмнээс асуусан” гэх нэрийн дор хэн нэг "сонгогдсон” иргэдийг оролцуулсан "Зөвлөлдөх санал асуулга” гэгчийг зохион байгуулсан нь "Үндсэн хуулийн өөрчлөлт хоёр намын ханцуй доторх наймаа болж өнгөрөх нь” гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа юм. Эндээс эхлээд эрх баригч нам өөрсдийн санаархлыг Үндсэн хуульд шургуулах гэж байна гэсэн хэл ам үүсч улс төрийн хүрээнийхний зүгээс "МАН, АН гэх хоёр намын ашиг сонирхлыг хамгаалсан өөрчлөлтийн төсөл” гэж дүгнэсэн. Тэр байтугай зарим нь гишүүдийнх нь 50-аас дээш хувь нь ЖДҮ, "60 тэрбумын хэрэг” гэхчлэн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон одоогийн УИХ-ыг Үндсэн хуульд гар хүрэх чадамжгүй, ёс суртахууны эрхгүй хэмээн шүүмжилж байгаа.
1992 оны Шинэ Үндсэн хуулийг батлалцсан ахмадуудын зүгээс "МАНАН бүлэглэлийн хуулийн төсөл” хэмээн байр сууриа илэрхийлж, Үндсэн хуулийн цэцэд шаардах бичиг хүртэл хүргүүлсэн. Эрх баригч намынхан эцэслэж гаргасан төслөө Төрийн тэргүүнд өргөн бариагүй, Ерөнхийлөгч албан бусаар олж үзэж танилцсан гэсэн мэдээлэл ч гарч байв. Өнөөдрийг хүртэл бүх талын санал бодлыг сонсч зөвшилцсөн, дээр нь нийт ард түмнээ оролцуулсан өргөн хэлэлцүүлэг огт болсонгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Монголын ард түмэн Үндсэн хуулийг өөрчлөх асуудлуудаар санал нэгдээгүй байна. Нийгмийн гэрээ, хамтын баримт бичгийг өөрчлөхөд бүх талын оролцоо хэрэгтэй. Цааш Тавдугаар Үндсэн хуулиа батлахын тулд өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг явуулах шаардлагатай гэдгийг харуулж байна.
Монгол Улс 1924 оноос эхлэн түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан. Түүнээс хойш дэвшилттэй гэж болох зүйл, заалтуудыг нэмж оруулсаар, 1992 онд ардчилсан гэх тодотголтой Шинэ Үндсэн хуулийг эх барьж авсан нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэхдээ энэ хууль төгс сайн болсон, өөрчлөх шаардлагагүй гэж өнөөөр хэн ч хэлээгүй. Хөгжлөө дагаад өөрчлөх, шинэчлэх, сайжруулах шаардлагатай гэдэг байр суурийг жирийн иргэн, төрийн түшээ, улс төрийн намууд бүгд илэрхийлдэг. Өөрчлөлтийг яаж, ямар замаар хийх вэ гэдэг нь л асуудал дагуулж байгаа.
Хамгийн сүүлд баталсан, одоо хэрэгжиж байгаа Шинэ Үндсэн хууль гэхэд л хэлэлцэн баталсан үйл явцаасаа эхлээд бүтэц бүрэлдэхүүн,санал хураалт, иргэдийн оролцоог хангасан байдал, зохион байгуулалт нь өнөөдөр жишиг, туршлага болох арвин түүхтэй. Бүтэц бэлдэхүүний тухайд нэг гишүүн нь "бандааш”-ны хэргээр бүрэн эрх нь хүчингүй болсон учир 75 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа өнөөгийн УИХ-тай харьцуулах ч юм биш, Тухайн үеийн төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурлын төлөөлөгч нь бүх аймаг, сумаас сонгогдож ирсэн 430 депутат байсан. Тэд хоёр сар гаруй буюу 76 хоногийн турш оюун бодол, эрдэм чадлаа уралдуулан байж 1992 оны Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Үүний өмнө дэлхийн 200-гаад орны Үндсэн хуулийг уншиж судлахын зэрэгцээ 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудын дэвшилттэй болон сул талыг харьцуулан судалсан байдаг. Ингэхдээ судалгааг бүр 30 гаруй жилийн өмнөөс эхлүүлж, МУИС-ийн урдаа барьдаг эрдэмтэн багш нар, шилдэг залуу хуульчдаар хийлгэж ирсэн гэдэг. Орчин нөхцөл нь ч гэсэн одоогийнхтой адилгүй, улс төрд удсан хүмүүс өөрсдийн зөөлөн сэнтийд залрах жилээ сунгаж, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж зүтгэж байгаагаас огт өөр, Монголоо гэсэн сэтгэл тэр үед ноёрхож байж.
Энэ талаар тухайн үед судалгааны хэсэгт ажиллаж байсан, хожим Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайдын өндөр албыг хашсан Д.Содном гуай "Үндсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийн өмнө 10 дэд ажлын хэсэг байгуулсан. Санал болгонд хариу өгч байсан. Таны саналыг Үндсэн хуулинд тусгалаа гэдгээ ч эргэж мэдэгдэнэ. Тэр болгоныг нэг нь бичиж авна. Ийм техник ажлыг үнэхээр хийсэн юм шүү. Тухайн үед манай улс 1.2 сая сонгогчтой байсан. Тэр хүмүүсийн 75 орчим хувь нь буюу давхардсан тоогоор 900-гаад мянган хүн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед шууд оролцсон. Тийм учраас Үндсэн хуулийг Монголын ард түмний оюуны хамтын бүтээл гэж хэлэхээс өөр арга байхгүй.Тэгээд бүр 200 мянга гаруй санал гарсан. Тэр саналыг утсаар, бичгээр хүлээж авч байлаа. Санал авах ажлыг маш сайн зохион байгуулсан. Үндсэн хуулийн төслийг байгууллага, хамт олон болгоноор хэлэлцүүлж байсан. Хэлэлцүүлсэн хуралдааны тэмдэглэлийг хөтөлж байлаа. Гарсан саналуудыг зүйл бүрээр нь тэмдэглэнэ. Тэгээд санал бүрийг багцлаад, сэдэв сэдвээр ангилж байсан юм. Түүний дараа төв комисстоо бүх санал, хүсэлт, тэмдэглэлээ хүргүүлж байсан.
Ингэж л Үндсэн хуулийг баталсан. Түүнээс биш хэн нэгэн бидэнд бэлэглэчихсэн, эсвэл шууд хуулаад орчуулсан юм шиг ярьдаг, боддог бол буруу шүү. Ард түмэн даяараа хөдөлж, хөлхөж байж шинэ Үндсэн хуулийг бүтээсэн юм” гэсэн нь бий. Түүнчлэн тухайн үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч нь байсан гэдэг.