Өвгөн ноён хар дэл жанжин бэйс Пүрэвжавын алдарт зандан хүрэн азарганаас эхлээд өнөө цагийн нийгмийн хонгор, медальт улаан, холхоон зээрд, гарьд халтар гээд домог түүх, Монголын хурдан морины ертөнцөд мөнхрөн үлдсэн олон хурдан хүлгийг нэрлэж болно. Эдгээр хурдан хүлгүүдийн хөшөө бүхий цогцолборыг Дарханхаан уулын энгэрт босгон, ашиглалтад орууллаа.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас тодрон гарсан олон хурдан хүлгүүдийн том төлөөлөл бол нийгмийн хонгор морь юм. Тухайн үед нэгдэл нийгмийн нэр дээр уралдаж, сум аймаг болон бусад наадамд 18 удаа түрүүлсэн байдаг. Сүхбаатар сумын нэрт уяач Тонгооны Жамъян гэдэг хүний алдарт хурдан саарал азарганы төл ийм морь юм. Улсын наадамд уралдахаар очиход нь монгол түмэн үзэж сонирхохоор дарга, цэрэггүй хошуурч байсан гэдэг. Энэхүү нийгмийн хонгор морины нэрэмжит "Дарханхааны хурдан хүлгүүд” цогцолборыг Сүхбаатар сумын Нийгмийн хонгор МСУХ түүхт 10 жилийн ойдоо зориулан босгож нутгийн олондоо хүлээлгэн өглөө.
Монгол өргөө гэрийг бэлгэдэж барьсан хоймортоо тулга залж, адууны тэнгэр Дамдин Янсан бурхныг амилуулан аравнайлж, хажууд нь алдарт "Нийгмийн хонгор” морины хөшөөг хүндэтгэн байрлуулсан энэхүү цогцолборын нээлт өргөн дэлгэр болжээ. Нутгийн иргэдээс гадна Сүхбаатар аймгийн удирлагууд, мөн олон газраас уяачид, морь сонирхогч монгол түмэн хүрэлцэн ирж оролцсон байна. Хөшөөт цогцолборыг Дарханхаан уулынх энгэр "Найрын дов”-доо барьж байгуулжээ.
Нээлтийн үеэр Нийгмийн хонгор морьтой холбоотой, уяж, сойж байсан болон унаж хурдлуулж, адуулан маллаж байсан хүмүүсийг урин залж оролцуулсан юм. Тухайлбал Нийгмийн хонгор морийг зургаан жил унасан н.Ооёо ирж хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Хөшөө цогцолборын цаашдын арчлалт, хамгаалалтыг Сүхбаатар сумын ЗДТГ болон иргэд хариуцна. Сүхбаатар аймагтаа анхдагч гэж хэлж болохоор хурдан морины иж бүрэн цогцолбор газрыг сүхбаатарчууд хайрлан хамгаалах учиртай. Хурдан морины тэнгэр Дамдин Янсан бурхан амилж, залсан, хурдан хүлгийн хийморь хутаг оршсон энэ газар архидан согтуурах, хог хаях, эвдэж сүйтгэх нь тун муу гэдгийг анхааруулж байсан юм. Хурдан морьдын хөшөөг уран барималч Н.Цогмагнай урласан байна.
Т.Одончимэг