|

“Дархан их урлаг-II” төслийн 2 дахь тоглолт энэ сард болно

Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаатай холбогдуулан ард иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчлах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран "Дархан их урлаг-II” төслийг зохион байгуулж байгаа билээ. Тус төсөл албан ёсны нээлтээ Залуучууд театрт 3 дугаар сарын 29-ний өдөр хийсэн юм. Нээлтэнд аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож уран бүтээлчдэд баяр хүргэв.

3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд болсон "Дархан их урлаг-II” төслийн эхний тоглолтонд Улсын Филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгынхан уран бүтээлээ толилуулсан аж.

Тус төслийн хүрээнд Нийслэлийн урлагийн байгууллагууд 4 дүгээр сарын 29, 30 болон 6 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд  Дарханчуудад уран бүтээлийн тоглолтоо цуврал болгон өргөн барина. Харин 9 дүгээр сард Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит улсын IV уралдааныг Дархан-Уул аймагт зохион байгуулах юм.

"Дархан их урлаг-II” төслийн хүрээнд Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармони хамтран "Төмөртэй Дархан”-ы дуулийг шинээр найруулж тавихаар төлөвлөж байгаа бол аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид "40 жил 4 өнгө” зохиомжит концерт, "Домог амилсан нутаг” дуулалт жүжиг, "Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжиг, "Арслан хүлэгт баатар” хүүхдэд зориулсан тоглолтуудыг "Залуучууд” театрын тайзнаа амилуулахаар  төлөвлөж байна.