2017 онд АНУ-ын тагнуулын алба өөрийн маш чухал тагнуулчаа илчлэгдэхээс нь айн ОХУ-аас татан авчээ. Энэ тухай Даваа гарагт /2019.09.09/ CNN агентлаг АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэлд ойрхон хэд хэдэн ажилтнуудыг дурдан мэдээлсэн байна. CNN тагнуулчийн нэрийг дурдаагүй ч түүнийг Оросын Засгийн газарт өндөр албан тушаалтай нэгэн байсан гэдгийг тэмдэглэжээ. Тагнуулчийг татах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Трамп болон түүний засаг захиргаа улсын нууц материалтай тун болгоомжгүй хандаж байснаас үүдэлтэй бөгөөд үүнээс болж тагнуулчийг илчлэгдэх аюулаас болгоомжилсон гэж СNN-ийн эх сурвалж ярьсан байна.
2017 оны 5-р сард Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, тэр үед АНУ-д суух Оросын элчин сайд Сергей Кисляк нартай уулзах үеэрээ "Исламын улс” бүлэглэлийн үйл ажиллагааны тухай нууц тагнуулын мэдээллийн талаар ярилцсаны дараа ТТГ дээрх шийдвэрийг гаргажээ.
Энэхүү мэдээлэл нь Орос дахь Америкийн тагнуултай шууд холбоогүй байсан ч CNN-ийн мэдээлснээр эл явдал мэдээллийн эх сурвалжийг илчилж болзошгүй талаарх асуудлыг Америкийн тагнуулын албаныхан хэлэлцэх болжээ. Тагнуулчийг татан авах нь ноцтой үр дагавартай, учир нь "ийм чадвартай эх сурвалжийг богино хугацаанд дахин сэргээх боломжгүй" гэж CNN өөрийн эх сурвалжийг иш татсан байна. Энэ талаар ТТГ-ын төлөөлөгч Бриттани Брамелл "Ерөнхийлөгчийн өдөр тутам нэвтрэх боломжтой нууц мэдээлэлтэй харьцах явдал тагнуулчийг татах шалтгаан болсон гэх CNN-ийн мэдээлэл алдаатай юм” гэж мэдэгджээ.
Н.Энхтүвшин
Эх сурвалж: Өнөөдөр сонин