|

Цэвэр агаартай автомашингүй өдөр арга хэмжээнд оролцлоо

Цэвэр агаартай автомашингүй өдөр арга хэмжээнд оролцлоо

 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь өнгөрсөн амралтын өдрүүд /2019.09.14, 15/-д Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг Дарганы Тамгын Газраас зохион байгуулсан "Цэвэр агаартай автомашингүй өдөр" арга хэмжээнд  оролцож, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа олон нийтэд танилцуулж, халаалтаа цахилгаанаар шийдэхээр зэхэж буй хэрэглэгчдийн техникийн нөхцөлийн хүсэлтийг хүлээн авах болон бусад үйлчилгээг нэг цэгээс шуурхай хүргэлээ.

   УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдийн тоо энэ сарын байдлаар 388122 байна. Эдгээрийн 41.2 хувийг гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд тус компани нь 2016-2019 онуудад улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар багагүй ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал гэр хорооллын айл өрхүүдэд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх, агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлах гэр хорооллын 42 мянган өрхөд цахилгаанаар халаалтаа шийдэх 4 кВт-ын техникийн боломжийг бүрдүүлэх, гэрэлгүй, хүчдэлийн уналттай өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах, түгээх сүлжээний хэт ачаалагдсан шугамуудыг хувааж, ачааллыг шилжүүлэх, түгээх сүлжээг автоматжуулсан системд шилжүүлэх зорилготой автомат таслуур бүхий реклоузерийн пункт суурилуулах зэрэг томоохон ажлуудыг хийж бүтээснээ өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэд, олон нийтэд танилцууллаа. 

   Түүнчлэн техникийн нөхцөлтэй холбоотой 85, цахилгааны төлбөр тооцоо, үнэ тарифтай холбоотой 46, шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой 23, тоолуур баталгаажуулалттай холбоотой 9, оруулгын утас, аюулгүй байдлаа хангахтай холбоотой 12, хүчдэлийн уналттай холбоотой 6, цахилгаан халаагуур хэрэглэвэл цахилгааны төлбөр хэр гарах тухай зөвлөгөө, мэдээлэлтэй холбоотой 18, нийт 199 хэрэглэгч, иргэдэд тус тус мэдээлэл, зөвлөгөө өгч үйлчиллээ.