Улаанбаатар- Дархан чиглэлийн автозам хугацаандаа ашиглалтад ороогүйгээс тус замаар зорчдог аймгийн иргэд бухимдалтай байгаа. Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын зарим гишүүн Дарханы зам хугацаандаа ашиглалтад ороогүй шалтгааныг тодруулахаар ЗТХ-ийн сайдад асуулга тавиад буй юм. Асуулгатай холбогдуулан сайд Б.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Тийм. Дарханы замын тухайд УИХ-ын гишүүдийн тавьсан асуулгад хариулт өгөхөөр бэлтгэж байна. Хариулт нь маш тодорхой байгаа. Дарханы замыг барьж ашиглалтад оруулах үндсэн гэрээ нь 2020 оны зургаадугаар сард дуусна. Гэрээний эхний үе шат энэ сард дуусах байсан. Түүгээр хөдөлгөөнийг нээхдээ бүрэн хатуу хучилттай байдлаар эхний ээлжинд ашиглалтад оруулахаар гэрээнд тусгаж, компаниуд ч зөвшөөрсөн бай сан юм. Гэвч дөрвөн шалтгаанаас төлөвлөсөн ажлаа хийж амжсангүй. Зарим компанийн гэрээг наадам өнгөрөөж байгуулсан, цаг уурын тааламжгүй байдлаас болж ажил зогссон, есөн хар цэг, олон суваг шуудуу гүүрний ажил давхцсан зэргээс шалтгаалсан. Хамгийн гол нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан компаниудын гэрээг цуцлах гэхээр төслийн төсвийг бүхэлд нь татчих гээд байсан учраас хойшилсон зүйл бий. Яамны зүгээс Азийн хөгжлийн банк болон төслийг хянаж байгаа Энэтхэгийн экспертүүдтэй уулзаж ажил цалгардуулсан компанийн гэрээг цуцлах, ирэх онд хугацаандаа ашиглалтад оруулах талаар ярилцаж байна. Энэ талаар гишүүдийн асуулгын үеэр нарийн мэдээлэл өгнө.
-Өнгөрсөн зун Дарханы замд олон осол гарч иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Одоо энэ байдал засагдсан гэж үзэж болох уу?
-Зун бороо их орсны улмаас түр замаар зорчиход хүндрэл гарсан нь үнэн. Одоо бол замын ихэнх хэсэгт нэгдүгээр үеийн цементэн хучилтаа хийчихсэн учраас автомашин эвдрэх зүйл гарахгүй болов уу. Харин асфальтан хучилт хийгээгүй хэсгүүдэд мэдээж ашиглалтад орсон хатуу хучилттай зам шиг толигор байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй.
-Автомашинаа эвдсэн, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохир сон иргэдийн хохирлыг яах вэ?
-Дарханы замаас болоод автомашинаа эвдсэн, хохирсон гэж үзэж байгаа бол хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байгаа.
-Замын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа юм вэ. Яг хэдэн км замд хатуу хучилт хийсэн бэ?
-Бүрэн хатуу хучилтаа хийсэн зам 13 км л байгаа. Хүйтэрсэн учраас хатуу хучилт хийх боломжгүй болсон. Гүйцэтгэл 8-35 хувьтай байгаа. Гүүр, далангийн ажлын ихэнхийг нугалчихсан учраас гуравдугаар үеэ тавиад хучилтаа хийх боломжтой.
-Гэрээндээ амжина гэдэгт та хэр итгэлтэй байгаа вэ?
-Ер нь амжуулах гэж л үзнэ дээ. Бид энэ өвөл хүн, хүч, техник тоног төхөөрөмжөө нэмэх талаар сайн бэлтгэж, өдөр бүрийн нарийвчилсан график гаргаж ажиллана гэж төлөвлөж байна.
-Ирэх хавар энэ замыг бас хаах уу?
-Хатуу хучилт асфальт хийх үеэрээ хэсэгчлэн хааж, ажил гүйцэтгэнэ. Бүрэн хаахгүй гэсэн төлөвлөгөө гаргахаар ярилцаж байна.