УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /12.13/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор гүтгэх асуудлыг хэрхэн зохицуулах тухай хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Гүтгэх асуудлыг Зөрчлийн хууль руу оруулснаас болоод сошиалаар болон вэб сайтаар гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Хүний зураг тавьж байгаад гүтгэдэг. Шалгуулаад явахаар Датаком гэдэг газраас домайн нэр авч, хэрэг хүлээх чадваргүй гээд сайтынхаа эрхийг бусдад шилжүүлчихдэг. Шалгахаар хэрэг хүлээх чадваргүй. Худал мэдээллээ тавьчихаад эх үүсвэр нь тэр гээд шэйр хийдэг. Цагдаагаар шалгаад явахаар гутаан доромжилсон утга агуулга байхгүй учраас хэрэг хүлээлгэх боломжгүй гэдэг. Гэтэл цаана нь хүний нэр төр, алдар гавьяа, гэр бүл олон юмаараа хохирч байна. Гүтгэж гүтгэчихээд 2 сая төгрөгөөр торгуулах юу ч биш. Энийг яах вэ, Эрүүгийн хуульд оруулахгүй юм уу. Хуурамч сайт дэлгэрүүлээд байж болох юм уу. Эх үүсвэргүй юмыг хаа, хамаагүй дэлгэрүүлээд байж болох юм уу?
Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: 2015 оны Зөрчлийн тухай хуулиар гүтгэх, доромжлох харилцааг нэгтгэж зохицуулж байсан. Засгийн газраас өргөн барьснаар худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулиар зүйчилнэ. Хүний нэр төр, хуулийн этгээдийн алдар хүндэд халдвал 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулах, 700 цаг хүртэл нийтэд тустай хөдөлмөр эрхлэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар зүйлчилсэн. Сонгуулийн үеэр гүтгэвэл ял хүндэрнэ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Нэр төрөө доромжлуулсан хүний нэр төр сэргэхгүй. Сургалтад суух юу ч биш. Нийгмийн сүлжээнд тарсан. Эргээд уучлал гуйдаг, залруулга байж яагаад болдоггүй юм. Хэд хоног албадан хөдөлмөр эрхлэх юу юм бэ. Хорих ялтай байлгах ёстой.
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: -Таны хэлж байгаа зөв. Гүтгэх, доромжлох тусдаа байхад нэг төрлийн хэрэг болгосон байсан. Одоо бол худал мэдээлэл тараах гэдгээр оруулж ирсэн. Хохирлыг яаж төлөх вэ гэдгийг Иргэний хуулиар зохицуулсан. Гэхдээ иргэний эрх зүйн харилцаанд сул тал байгаа нь үнэлэмж. Нэр төр алдар хүндийг хэрхэн үнэлэх, хохирлыг хэрхэн үнэлэх талаарх зохицуулалт сул.Иргэний эрх зүйгээр цаашид бусдад гэмд хор учруулснаас үүдсэн үнэлгээний жишиг гаргах ёстой.
УИХ-ын гишүүн М.Билэгт:- Эрүүгийн хуульдаа Х.Нямбаатар гишүүн та жирийн иргэн 300 мянган төгрөгөөс дээш хулгай хийсэн, энэ хэмжээний хохирол учруулсан бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Төрийн албан тушаалтан шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс 10 сая төгрөгөөс дээш хэмжээгээр хохирол учруулсан бол хариуцлага хүлээлгэхээр зохицуулалтыг өмнөх хуульд оруулж байсан. Энэ алдаагаа та зассан уу?
Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:– Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд авлига албан тушаалын хэрэгт хохирол шаардахгүй, албаны байдлаа өөртөө болон бусдад давуу байдал үүсгэвэл Эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хулгайн гэмт хэрэгт хохирлын хэмжээ 300 мянган төгрөгөөс дээш эрүүгийн хэрэг үүсэж байгаа бол албан тушаал дээр хохирол шаардахгүйгээр бусдад давуу байдал үүсгэхээр үйлдэл эхлүүлсэн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хаанаасаа та 10 сая гаргаад ирэв, би санахгүй байна.
Уг хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хүрсэнгүй. Тиймээс энэ өдрийн чуулганы хуралдааныг хааж, хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураахаар боллоо.
Эх сурвалж:www.polit.mn