Гэвч Монголын төр иргэддээ төмөр нүүрээ үзүүлэн, ядуурал, ажилгүйдэл, оюуны хомсдол дунд төөрөгдсөөр л. Төрийн түшээдийн ажил үүрэг сонгууль дөххөөр эхэлдэг үү гэлтэй тэд түмэндээ амалдаг боловч амлалтандаа хүрдэггүй.
Жишээлбэл: АН-ын мөрийн хөтөлбөрт "Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд, түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ. Иргэн бүртээ эрдэнийн хувь олгоно. Yнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг. Эрдэнийн хувийн хэлбэр нөхцөл, эх үүсвэр, зориулалтыг хувь иргэн, айл өрх, улс орны хөгжил дэвшилд өгөөжтэй байхаар хуульчлан зохицуулна”.
Харин МАН-ын мөрийн хөтөлбөрт "Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ. Түүнчлэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно. Тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлж зээлийн хэмжээг бууруулна. Хичээлээс гадуурх сургалт дугуйлан секцийн төлбөрийн асуудлыг төрөөс шийдэж өгнө хэмээн амласан.
Гэвч амлалт хэрэгжээгүй. Улсаа хөгжүүлнэ гэж төрийн өндөр сэнтийд заларсан хэдий ч өрөндөө баригдсаар л МУ-ын гадаад өрийн хэмжээ 2019 оны байдлаар 29,7 тэрбум ам долларт хүрээд байгаа билээ. Түүнчлэн ихэнхи улс төрчид авлига хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож байгаа нь Монголын төр завхараад дуусах вий гэх айдсыг төрүүлсээр.
Ард түмний өмнө хүлээсэн хариуцлага, ажил үүрэгтээ үнэнч байх ёстой эрхэм гишүүд хүчин, танхайн хэрэгт орооцолдсоор л. Дээдэх нь хөлөө олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэгчилэн эгэл ард түмний дунд хар сүүдэр нөмөрлөж байна. Түмнийхээ итгэлийг уран цэцэн үг, 10 кг гурил, хэдэн хуудас цаас,10 ш хэвийн боовоор хуурсан та бүхэн хэзээ ажлаа хийх вэ?Амласан амлалтаа хэзээ биелүүлэх вэ?
Т.Хуншагай
Эх сурвалж: control.mn