Нэгдүгээр сарын 27-ны өдөр болсон аймгийн Онцгой комиссын хурал дээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний /ХХҮГ/ газрын дарга С.Энхболд гэр оронгүй, тэнэмэл иргэдийг анхаарч ажиллах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах талаар санал гаргасан байна. Энэхүү саналд тулгуурлан Онцгой комиссын хурлаар тус ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс ХХҮГ, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шинжилгээний алба гэр оронгүй, тэнэмэл иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэн халамжийн үйлчилгээнд хамруулах, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэ дагуу зорилтот бүлгийн 35 иргэнийг лхагва гарагт эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халуун хоол, цай, амны хаалт, гар ариутгагчаар үйлчлэн, амьсгалын замын халдварт өвчин болон шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав. Харин пүрэв гарагт эрсдэлт нөхцөлд буюу хогийн цэг дээр ажиллаж байгаа иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж дархлааг нь сайжруулах арга хэмжээг авч ажилласан байна. Тус ажил өдөр бүр явагдах бөгөөд тодорхой байршил зураглалын дагуу явуулын үйлчилгээгээр үргэлжлэх аж.
Л.Отгонбаатар