|

Шалгарсан төслийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргана

Дархан –Уул аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/01 дугаар захирамжийг үндэслэн Үйлдвэрлэл, хот тохижилт, дэд бүтэц, байгаль орчны чиглэлээр болон нийгмийн хөгжлийн чиглэлээр төсөл хүлээн авах хугацаа 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагаар дуусгавар боллоо. Нийт 253 төслийг иргэд ААНБ-ууд ирүүлсэн байна.

Үүнээс үйлдвэрлэл, хот тохижилт, дэд бүтэц, байгаль орчны чиглэлээр нийт 130 төсөл, нийгмийн хөгжлийн чиглэлээр 123 төсөл тус тус иржээ. Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих тус төслүүдэд ажлын хэсэг ажлын 10 хоногт багтаан судалгаа хийж, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулах аж.

Төсөл сонгон шалгаруулалтын зорилго нь Аймаг, орон нутгийн хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, орлогыг нь нэмэгдүүлэх, эрүүл мэнд, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа ажээ. Мөн иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих, Төр, төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Шалгарсан төслийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргах бөгөөд хоёр чиглэл буюу үйлдвэрлэл, хот тохижилт, дэд бүтэц, байгаль орчны чиглэлд 10 сая хүртэлх, нийгмийн хөгжлийн чиглэлээр шалгарсан бол 5 хүртэлх сая төгрөгийг олгох ажээ.

Л.Отгонбаатар