|

Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын тусгай горимд шилжихээр болов

Шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд ажлын тусгай горимд шилжин ажиллахаар болсон. Аймгийн Засаг даргын  захирамжийн дагуу  даваа гарагаас буюу 17-ны 08:00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны 00:00 цаг хүртэл ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллахаар болжээ.

Захирамжид аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа /төрийн тусгай алба, онц чухал обьектууд, эрүүл мэндийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад/ төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулан ажлын өдрийн үргэлжлэх хугацааг долоон цагаар тогтоож холбогдох шийдвэрийг гарган, мөрдүүлж ажиллах.

Ажлын тусгай горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор томоохон хүнс, барааны зах, жижиглэнгийн болон бөөний худалдааны төвүүд, зоогийн газруудын цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл, бусад худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, үсчин, гоо сайхан, хүнс, барааны дэлгүүрийн цагийн хуваарийг 20:00 цаг хүртэл ажиллахаар тогтоосугай гэжээ.

Л.Отгонбаатар