Өнөөдөр болсон аймгийн Онцгой комиссын хурлаар Эрүүл мэндийн газраас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах, сумдын өвс тэжээлийн нөөцийг гаргах асуудлыг хэлэлцлээ.
Шинэ төрлийн коронавирусний талаар аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн байдлаар ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээлэл өглөө. Тодруулбал Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот албан даалгавар гарган 3 чиглэлээр 24 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал Өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 17.00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн, Эрүүл мэндийн байгууллагуудын тусгаарлах өрөөний бэлэн байдал, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, эм ханган нийлүүлэх 58 байгууллагуудад 3 удаагийн тандалт хийж үнийн судалгааг гаргасан байна.
Мөн 12 төрлийн зөвлөмжийг 32.152 иргэнд тараасан, эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудсанд 37 төрлийн 61 удаагийн зөвлөмж өгчээ. Иргэдэд телевиз, радио, цахим хуудсаар дамжуулан шторк, мэдээлэл байршуулсан, орон нутгийн 3 телевизээр 7 төрлийн шторк сэрэмжлүүлгийг хүргэж өдөрт 12 удаагийн давтамжтайгаар үзэгчдийн хүртээл болгохын зэрэгцээ өдөр бүр 13.00 цагт аймгийн Мэдээлэл технологийн албатай хамтран коронавирусний цаг үеийн үнэн бодит мэдээллийг хүргэж ажилласан байна.
Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 24 сая төгрөгийн эм болон хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авсан байна. Аймгийн ХХҮГ-тай хамтран эмзэг бүлгийн 70 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, Хүүхдийн төлөөх орон нутаг төслийн багийнхантай хамтран 3 эмч 90 өрх айлын 300 гаруй хүүхдэд үзлэг хийсэн, алслагдсан багт амьдарч байгаа малчин 150 гаруй өрхийн иргэдэд явуулын үзлэг шинжилгээг хийж ажилласан байна.
Тус хурлаар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гамшгаас хамгаалах алба, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөөг 4 чиглэл 36 арга хэмжээтэйгээр онцгой комиссын гишүүд баталлаа.
Л.Отгонбаатар