УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2012 оны тавдугаар сард МАН-ын бүлгээсээ гарах шийдвэр гаргасан юм. Төд удалгүй түүнийг МАН-ын бага хурлын гишүүнээр хассанаар тэрбээр нэг мөсөн намаасаа гарч төрсөн нутагтаа бие даан нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон билээ. Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг Н.Энхбаярын баривчилгаатай холбоотойгоор буруутган нэр бүхий гишүүдийн хамт огцруулах албан бичиг өргөн барьж байсан юм. Үүнээс болоод намын нөхөдтэйгөө таарамж муутай болсон тэрбээр намаасаа гарахаар зориг шулуудаж байсан билээ. Гэсэн ч тэрбээр дөрвөн жилийн дараа дахин намтайгаа нэгдлээ.
Харин Х.Болорчулуун гишүүний хувьд мөн л 2012 оны сонгуулийн өмнө намаасаа гарч, бие даан нэр дэвшиж сонгогдсон. Түүнийг эргээд намдаа орох тухай яриа аль эртнээс дуулдаж байсан билээ. Тэрбээр энэ удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчийн хуваарь Дорнод аймагт очих нь ээ. Харин түүнийг бие даагч гэдгээр нь сонгосон сонгогчид нь МАН-ын гишүүн болоод очиход нь хэрхэн хүлээн авахыг таах аргагүй юм.