|

Хандивын дансанд 18 сая төгрөг төвлөрчээ

Хоёрдугаар сарын эхээр харамсалтайгаар амь насаа алдсан гурван хүүхдийн эцэг, эхэд туслах сайн үйлсийн аяныг өрнүүлж эхэлсэн билээ. Нэг сарын хугацаатай хадгаламжийн дансийг Төр, төрийн бус байгууллага, иргэний төлөөллийн хамт нээсэн. Сайн үйлсийн аянд зөвхөн Дархан хотын иргэд бус бусад аймгаас хандив өргөж байгааг өмнө нь мэдээлсэн. Харин энэ удаад нийслэлийн багш нарын зүгээс хандивын аянд нэгдсэнийг өнөөдөр данс эзэмшигч Б.Золзаяад гардууллаа.

Тодруулбал БСШУ-ны ҮЭХ-ны зүгээс нийслэлийн ЕБС-ийн 6 дүүргийн багш, ажилчдын дунд сайн үйлсийн аян өрнүүлсэн аж. Улаанбаатар хотын дүүргүүдийн 100 гаруй сургуулийн багш, ажилчид сэтгэлийн хандив өргөжээ. Нийслэлийн багш нарын хандивын 5.000.000 төгрөгийг нэмээд 18 сая гаруй төгрөг төвлөрөөд байна. Албан ёсны данс нэг сарын хугацаатай нээгдсэн бөгөөд энэ сарын 7-ны өдөр хаагдах юм. Талийгаач хүүхдүүдийн эцэг, эх нь Эрдэнэт хотод амьдрах болсонтой холбогдуулан тус аяныг Орхон аймагт үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг сайн үйлсийн аяныг санаачлагч, данс эзэмшигч Б.Золзаяа мэдэгдэв.

Төр, иргэний хамтын бусдад тусалж болдог жишээг харуулж чадсан энэ үйл явдлыг цаашид үргэлжүүлж байртай болгох зорилгоо биелүүлэх болно гэлээ. Одоогоор Орхон аймгийн удирдлагуудад албан ёсоор мэдэгдээгүй, дансаа хааж эцсийн үлдэгдлийг нэгтгэж гаргах аж. Гурван сайхан хүүхдээ золгүй байдлаар алдсан залуу гэр бүлд бага ч атугай сэтгэлийн дэм үзүүлж байртай болгох аян үргэлжилж байгаа бөгөөд хүн бүрийг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

Л.Отгонбаатар