|

Давуулж амлах уралдаан буюу намуудын басамжлал эхэллээ

Хэнийг нь ч сонгох хэрэггүйг мөрийн хөтөлбөр нь баталж байна 

Монголд "Хонхны дуу”-тай хамт төрсөн Ардчилсан хувьсгал 30 оныг үдэв. Монголчууд бид төрийн эрх барих үйл явцад шууд бусаар оролцож, өөрийгөө төрд төлөөлөх эрхмүүдийг дөрвөн жилд нэг удаа сонгодог болсоор найм дахь удаагийн УИХ-ын сонгуультайгаа золгох гэж байна.

2020 оны УИХ-ын сонгууль юу юугүй хаяанд ирснийг манай улстөрчдийн сайхан үгс, мөрөөдлийн амлалтууд илтгэнэ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газарт өгөх ёстой. Тэгвэл нам, эвслүүдийн олонх нь өчигдөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө. Харамсалтай бөгөөд эмгэнэлтэй нь, улс төрийн намууд, улстөрчид сонгогчдын мэдлэг, боловсролыг басамжилж, үл бүтэх, чихэндээ итгэмгүй үлгэрийн амлалтууд өгдөг өмнөх жишгүүд энэ удаад ч үргэлжилж байна. Тэд сонгогдохын тулд ард иргэдэд юу ч амлахад бэлэн байгаа нь боловсруулсан мөрийн хөтөлбөрөөс нь тодорхой болж эхэллээ. Иймээс иргэдийг хариуцлагатай байж, сонголтоо зөв хийхийг юун түрүүнд уриалж байна. Гэхдээ намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр энэ чигээрээ батлагдана гэсэн үг биш. Үндэсний аудитын газар намуудын мөрийн хөтөлбөрийг сарын дотор шалгаж, дүгнэлт гаргана. Шаардлагатай тохиолдолд тав хоногт багтаан засах боломжийг мөн олгох юм.
2020 оны УИХ-ын сонгуульд зориулан зарим нам мөрийн хөтөлбөр нэрээр ард иргэдэд ямар гэнэтийн бэлэг бэлдсэнийг олон нийтэд өгсөн мэдээллээс нь тоймлон харуулъя.

МАН: НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛЖ БАЙГАА ИРГЭН БҮХЭН ОРОН СУУЦТАЙ БОЛНО

МАН тавдугаар бага хуралдаанаа улс орон даяар цахимаар зохион байгуулж, 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ сарын 23-нд хэлэлцсэн.  Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажилласан юм. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "2021 онд "Мазаалай” бондын 500 сая, 2022 онд "Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд "Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд "Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг эргэн төлнө. Тиймээс мөрийн хөтөлбөр популист амлалтаас зайлсхийсэн, өрийн дарамтаас гарах чиглэлтэй байх ёстой” хэмээн мэдэгдсэн. 
МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг багасгах реформ, орон сууцжуулах хөтөлбөр тусгасан гэнэ. Орон сууцыг зорилтот бүлэг худалдан авах боломж бүрдээгүй учраас нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох боломжийг бий болгож, түүнд нь төр оролцоно хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, 50 ам метр байрыг залуу гэр бүл болон гэр хорооллын иргэнд цемент, арматурыг нь тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг багасган олгох  том хөтөлбөр багтсан юм байх.  Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүр орон сууцтай болох боломжийг МАН УИХ-д олонх болбол бүрдүүлэх аж. Өнөөх популист амлалтаас зайлсхийж, өрийн дарамтаас гарах чиглэл баримтална гэсэн нь хаана байна вэ, Л.Оюун-Эрдэнэ дарга аа. Мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш байх ёстойг дахин дахин давтан хэлсэн атлаа өөрөө мөрөөдлийн мөрийн хөтөлбөр боловсруулснаа мэддэг байгаа даа. 

АН: САРЫН ДУНДАЖ ЦАЛИНГ ГУРВАН САЯД ХҮРГЭНЭ

Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө "Монгол өрх, хөгжлийн бодлого” гэж нэрлэжээ. УИХ-ын гишүүн З.Нарантуяа намынхаа мөрийн хөтөлбөрийн талаар "Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэг нь монгол айл өрх бөгөөд өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт хийж, өсөлт авчрах хөгжлийн хөтөлбөр юм. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол хүнийг, монгол өрхийг дэлхийн дундаж орлоготой иргэн, өрх болгоход манай мөрийн хөтөлбөр чиглэгдсэн. Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Хөдөлмөрийн үр шимээр орон сууц худалдаж авах тэр орлогыг бий болгоно” гэсэн юм. Ирэх онуудад төлөх өчнөөн тэрбумын өр хүлээгдэж байхад одоо байгаа 1.3 сая төгрөгийн дундаж цалинг хоёр дахин нэмнэ гэдэг итгэхэд тун бэрх амлалт юм. Яаж ийгээд, молиго үмхүүлж байгаад ч хамаагүй сонгогдчихвол дараа нь учир нь олдох байлгүй гэж хөтөлбөр боловсруулагчид бодож байгаа бололтой. 

МАХН, ИЗНН, МУНН "ТА БИДНИЙ ЭВСЭЛ”: ДУНДАЖ ЦАЛИНГ ТАВАН САЯД ХҮРГЭНЭ

Ирэх УИХ-ын сонгуульд МАХН, Иргэний зориг, ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам хамтарч "Та бидний эвсэл” байгуулан хүч үзэхээр болсон. Тэд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа "Монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэнэ. Өрх бүрт орон сууц олгох хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Өргүй Монгол хөдөлгөөнийг өнгөрсөн жилээс эхэлж, бүртгэлжүүлж байгаа” хэмээн мэдэгдлээ. Мөн МАН, АН бидний хөтөлбөр үнэн, зөв байсныг нотолж, биднийг даган дууриалаа гэж хэлэхээ ч мартсангүй. Түүнчлэн "Гадаад, дотоодод төгссөн олон эрдэмтэн, судлаачид мөрийн хөтөлбөрийг нь боловсруулсан, биднийг хэн ч барахгүй шүү” хэмээв. "Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрийн нэр нь "Монголын гурван баялаг”. Өргүй иргэн, орон сууцтай өрх, шударга төр засгийг бэлгэдэж байгаа гэнэ. Цалингийн хэмжээг таван саяд буюу өнөөгийн Солонгосын цалингийн хэмжээнд аваачна гэдэг нь тэдний гол амлалт. Мөн монгол өрх бүрийг орон сууцанд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх гэнэ. Түүнчлэн мөрийн хөтөлбөрөө гурван жилийн турш 21 аймаг, есөн дүүргийн иргэдтэйгээ ярилцсаны эцэст гаргасан гэдгээ ч хэлж амжсан. 

"ШИНЭ ЭВСЭЛ”: 200 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО

Улс төрийн 11 нам,  109 төрийн бус байгууллага, 26 мэргэжлийн байгууллагуудын  холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэж, "Шинэ эвсэл”-ийг байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Мөрийн хөтөлбөртөө "Шинэ эрэлт”-ийн 21 бодлого боловсруулан олон нийт, эрдэмтэн, судлаачид болон эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан гэнэ. Уг бодлогод авилгач албан тушаалтан өршөөлд хамрагдсан хууль тогтоомжийг үгүй болгох, ард түмнээс хулгайлсан өмч хөрөнгийг ард түмэнд эргүүлэн олгох, авлигад автсан хууль тогтоомж, байгууллага, хуулийн этгээдүүдийг цэвэрлэх, улс төрийн шинэчлэл хийх, эдийн засаг санхүүгийн салбарт томоохон шинэчлэл хийх багтаж байгаа аж. Мөн өнгөрсөн 30 жилд хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая ард түмнээр бус, авлигачдын хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, онцгойлон "Хөгжлийн хурд” хөтөлбөрийн дагуу 200 мянган ажлын байр бий болгон ажиллахаа онцолжээ. 

 "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ”: ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛЫГ ЗАСНА

ХҮН, СДН, Зүй ёс намууд нэгдэн "Зөв хүн электорат” эвсэл байгуулж байгаагаа зарлаж, эвслийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү эвслийг Зөв хүнээ дэмжих уриатай "Электорат” хөдөлгөөн дэмжихээ илэрхийлсэн юм."Зөв хүн Электорат” эвсэл Монголд үүссэн тогтолцооны гажуудлыг засаж, үндэсний язгуур эрх ашиг, түүх, соёл, уламжлал, эв нэгдлйг эрхэмлэн дээдэлж, хүний хөгжил, хууль ёс, шударга ёс, нийгмийн ардчиллыг дээдэлсэн хүмүүнлэг, аз жаргалтай нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН