"Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос шинэ коронавирусний халдвар илэрсэн. Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан.
Энэ дагуу хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах тухай аймгийн Засаг даргын захирамжийг гаргахаар боллоо. Хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан нэг постод ажиллах алба хаагчдын тоог нэмэгдүүлэн 4 болгосон аж. Эдгээр алба хаагчдын эрүүл мэнд, дулаан хувцас, хүнс зэрэг бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангуулж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.
Цаг үеийн байдалтай холбогдуулан иргэд, оршин суугчдын эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 01-А/153 дугаар захирамжийг /фитнес, иог, саун/ тодорхойгүй хугацаагаар хүчингүй болгохыг Хууль эрхзүйн хэлтсийн даргад үүрэг болголоо.
Мөн аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, сумдын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулж нийтдээ 5 бүлэг 40 гишүүнтэй болгосон байна.
Л.Отгонбаатар