|

Төв замын ачааллыг бууруулж, гэр хорооллыг авто замаар холбоно

Зам дагаж хөгжил гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэр хороолол руу чиглэсэн дэд бүтцийг эрчимжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.

Тодруулбар Дархан сумын 5-8 дугаар багт инженерийн шугамын ажлыг хийж байгаа бол 6, 7 дугаар багийг холбосон хатуу хучилттай автозамыг 2019 онд ашиглалтад оруулсан. Энэ жилийн тухайд төв замын ачааллыг бууруулах, цаашлаад гэр хорооллыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг үргэлжлүүлж Түшиг уулын шалган нэвтрүүлэх хэсгээс наймдугаар баг хүртэлх автозамыг барих ажил хийж байна.

Ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "МАЗ” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 1.8 км хатуу хучилттай авто замыг барьж ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулах юм. 2019 онд эхэлсэн тус ажил одоо замын далан барих, үерийн далан, шугам хоолой байрлуулах зэрэг ажлыг хийж байна. Зам барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгаа талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ажлын явцтай танилцах үеэр мэдэгдлээ.

Улирлын чанартай хийгддэг зам, барилгын салбарын ажил 4 дүгээр сараас эхэлсэн байна. Тус зам ашиглалтад орсноор төв замын ачаалал буурах юм. Нөгөөөтэйгүүр гэр хороолол дундуур явж, шинэ Дархантай холбох замын эхлэл ажээ. Инженерийн шугамд холбогдсон, автозам тавигдсан гээд тухайн багийн айл, өрхүүд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.    
 
Л.Отгонбаатар