|

“Мөнгө хүүлэгчид”-ээ явуулсан ч ахиад л “мөнгө хүүлэгчид” айсуй

Бүрэн эрхийнхээ бурантгийг юу юугүй эвхэж байгаа парламентаас олон гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хэрэг өдүүлж, өдгөө ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан. Зарим нь ч шалгагдаж байна. Тэднээс цөөнгүй нөхөд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас жилийн гурван хувийн хүүтэй авсан мөнгөө өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаар угааж, өндөр хүүтэй зээл гаргаж байсныг ч тогтоосон гэдэг. Сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж байгаа үед АН-аас "Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих ёстой мөнгийг эрх баригчид өөрсдөө банк бус санхүүгийн байгууллагуудаараа дамжуулан угаасан, хүүлсэн” хэмээн сурталчилгааныхаа технологид гол сэдвээ болгож байна. Гэтэл АН өөрөө жинхэнэ ЖДҮ цэцэглүүлэх хамгийн өндөр магадлалтай нөхдөд УИХ-д нэр дэвших эрхийн мандат олгожээ. АН төдийгүй МАН-аас ч банк, бус санхүүгийн байгууллагатай, хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх хадгаламжтай хүмүүсийг сөргүүлэн нэр дэвшүүлсэн нь ч харагдана.

Тэд хэрвээ УИХ-д ороод ирвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө зээлж, өөрсдийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаар угаахгүй гэх ямар баталгаа байгаа юм. Олон арван тэрбумын хадгаламжтай нөхөд УИХ-д ороод ирвэл өдгөө бидний яриад байгаа зээлийн хүүг бууруулах тал дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн ямар баталгаа байгаа юм. 

Тухайлбал, Дорноговь аймагт АН-аас нэр дэвшигч, "Нэт капитал” Банк бус санхүүгийн байгууллагын зөвлөх Д.Алтангэрэл гэх нөхөр үүнийг мэргэжлийн өндөр түвшинд хийхгүй гэх ямар баталгаа байна. Учир нь тэр "Нэт капитал” гэх банк бус санхүүгийн байгууллагаас гадна Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Асманы булаг” хэмээх ломбард ч бас түүнд хамаарна. УИХ-д горилогч Д.Алтангэрэл садан төрөл, ээж нь "Асманы булаг” ломбардыг ажиллуулдаг бөгөөд тэд нийгмийн эмзэг хэсэгт хамаарах тэтгэврийн, халамжийн, тэжээгчээ алдсаны, хүүхдийн гэх мэт дэвтрийг барьцаалан, 20 гаруй хувийн хүүтэй мөнгө зээлдэг. Дэлхийн хаана ч байхгүй өндөр хүүтэй энэ ломбард амин зуулгаа яая гэж байгаа олон хүний хоолноос хумслан үйл ажиллагаа явуулж байгаа газар. Ерөөсөө зүдэрсэн олны өвдөх бие, идэх хоолон дээр дөрөөлөн хэтэвчээ зузаалж суугаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.

Үнэн хэрэгтээ банк бус санхүү гэх баг өмссөн ломбард Монгол Улсаар дүүрэн байгаагийн нэгэн жишээ энэ. Дорноговь аймаг бол хөгжил дэвшлээрээ улсын хэмжээнд тэргүүлэгч аймгуудын нэг. Тиймээс амьжиргааны түвшин доогуур иргэдийнхээ амьдрал ахуйг хөгжил дэвшилтэйгээ уяж, бүтээн байгуулалт өрнөж байгаа хэсэгт нааж дээшлүүлэх орон нутгийн удирдлагуудын хэтийн төлөвлөгөө бий. Улс орны хэмжээнд ч ийм бодлого барин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн дундаж давхарга бий болгох тал дээр улс орны бодлого чиглээд чамгүй хугацааг туулжээ. Гэтэл өндийлгөж ядаж байгаа амьжиргааны доогуур түвшинд Д.Алтангэрэл мэтийн мөнгө хүүлэгчид ихээхэн садаа болж байх өндөр магадлал бий. Том утгаар нь авч үзвэл Монгол Улсын төрийн бодлогоос хойш чангааж, иргэдийнхээ амьжиргааг арагшаа чангааж байна гэж ч болохоор. Яг энэ цаг дор сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж байгаа. Ийм үед "Нийгмийн амьдрал сайжрахгүй байна, эрх баригчид муу ажиллалаа. Иргэд ядуу, ихэнх нь зээлтэй байна” хэмээн хаа сайгүй ярьж явааг бэлхэн харж сууна. Өөрсдөө мөнгө хүүлэх замаар иргэдийн амьжиргааны түвшинд нөлөөлж, идэх хоолноос нь зулгааж байгаагаа ч тоохгүй ярьж зогсоо доо гэж бодохоор өөрийн эрхгүй бухимдал төрнө. Угтаа бол энэ мэт нь нийгмийн эмзэг давхаргыг шулан мөлжихгүй байхад л улс орондоо оруулж байгаа том гавьяа шүү дээ. Энд зөвхөн хэн нэгнээр жишээ татаад байгаа болохоос бус АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж байгаа Д.Ганбат, Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа Н.Мөнхдаш нар ч Банк бус санхүүгийн байгууллагатай. Тэгвэл МАН-аас "М-Ойл” группийн ерөнхий захирал Б.Пунсалмаа, Хотын дарга С.Амарсайхан, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гээд бизнесийн салбарын "мөнгө хүүлэгчид”-ийг дурдвал мундахгүй. Мөн "Та бидний эвсэл”-ээс Н.Энхбаярын хүү Э.Батшугар, "Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа Д.Сүндий гэвэл гуравдагчдын орон зайд ч "мөнгө хүүлэгч” чамгүй олон бий. Д.Сүндий бол Дорноговь аймагт нэр дэвшигч Д.Алтангэрэлийн ах бөгөөд аймгийн эмзэг давхаргын дэвтэр барьцаалагчдын багт зүй ёсоор багтана. Хэдийгээр түүний нэр дээр байхгүй ч ах дүүгийн бизнест ямар нэгэн "цусан” холбоо байж таарна. Бизнес бол хамтын өргөн ажиллагаа байдаг шүү дээ.

Яахав, бизнесийн салбарын зовлон жаргалыг мэдэх, зөв замаар явж өндийсөн хүмүүсийн төлөөлөл төрд хэрэгтэй байж болох ч улс төрийн намуудын барьж буй бодлогын эсрэг гэмээр бизнеменүүд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг ер ойлгох юм алга. Тухайлбал, төр өөрөө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө авч, банк бус санхүүгийн байгууллагаараа угаасан нөхдөд арга хэмжээ авч, ийм хэрэгт холбогдсон хүмүүсийг төрөөс шахаж байгаа мэтээр ярьж байгаа ч энэ удаагийн сонгуульд банк бус санхүүгийн байгууллагатай өчнөөн хүн МАН, АН-аас нэрээ дэвшүүлж байна. Бусад нам эвсэл бие даагчдаас дээр дурдсанчлан цөөнгүй бий.

Мөн сонгуульд өрсөлдөж байгаа бүх улс төрийн хүчин зээлийн хүүг бууруулна хэмээн Мөрийн хөтөлбөртөө тусгаж, түүгээр жанжин тугаа хийж байна. Гэтэл манай ялах магадлал бүхий МАН, АН-аас гэхэд л хадгаламждаа олон тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нөхөд "Би хадгаламжийнхаа хүүгээр амьдардаг” хэмээн нэр дэвшин өрсөлдөх аж. Эдгээр нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг, өөрсдийн байр сууринаас анзаарч байхад хэтэрхий их зөрүүтэй, эргэлзээтэй нь харагдана. Хаана нь улс орны бодлого явж, ямар нам эвслийн Мөрийн хөтөлбөртэй холбогдоод, тэндээс ямар ямар нэр дэвшигчид юуны тулд өрсөлдөөд байгаа юм гэдэгт гайхахад хүргэнэ. Доромжлол мэт энэ утгагүй ажиллагаа, сонгууль нэрээр Монгол Улс даяар өрнөж байна.

Жишээ нь, МАН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаа, Гарьд Ц.Цэрэнпунцаг, Хотын дарга С.Амарсайхан нар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл горьдохгүй баячууд байж болох ч ашиг сонирхлын зөрчил гэж нэг зүйл бий. Авахгүй гэх баталгаа ч алга. Тэд өөрсдийн нэр дээр байх хамаарал бүхий бизнесийн байгууллагуудаа өөр хэн нэгний нэр дээр шилжүүлдэг ч дэмжлэг үзүүлсээр ирснийг бид мэднэ. Б.Пунсалмаа "Мөнгө хүүлэх” магадлалтайгаас гадна шатахуун импортлогч, ОХУ-аас шатахуун авчирч шахдаг л нэг жирийн бизнесмен. Тийм учраас стратегийн гол салбарын бизнесмен хүн төрд байх хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт ч эргэлзээ төрүүлнэ. Яагаад гэхээр энэ салбарт байнга маргаан дэгдэж, ихэнх цаг хугацаанд төрийг шантаажилсан хэдэн импортлогчид мөнгө "хүүлж” байдаг тухай яриа ч бий. Шатахууны үнийг буулгуулахын төлөө импортлогчдод төрөөс удаа дараа хөнгөлөлттэй зээл олгож байсныг мэднэ. Гарьд Ц.Цэрэнпунцаг гэхэд л байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагт уул уурхайн лиценз эзэмшдэг. Үүнийгээ хэрэгжүүлэх гэтэл төр, иргэд гэсэн хоёр талын эсэргүүцэлтэй тулгарчихаад байна. Чухам төрд орж яах гэсэн хэрэг вэ гээд бодох асуудал олон бий. Энэ мэтээс ургуулахад аль аль улс төрийн хүчнээс нэр дэвшигчдээ сонгохдоо шалгуур тавиагүй нь илт харагдана. 

Эх сурвалж: Өглөөний сонин