Дэлхийн нээлт монголд гэдэг үгийг сонсох сайхан л байдаг. Бид дэлхийгээс хоцролгүй, бусдын үздэгийг үзэж байна гэдэг утгаараа энэ сайхан. Гэвч дэлхийтэй өрсөлдөх хэмжээнд хүрээгүй үндэсний кино урлагаа дэлхийн бүтээлүүдтэй зэрэгцүүлж наагаад үнэгүйдүүлж хөгжүүлэх бус үхжүүлээд байгаа нь харамсалтай.
Дэлхийд алдартай "Марвел”-ын цурвал, "Диснэй” компанийн бүтээл "Мулан” зэрэг уран сайхны кино дэлхий дахинд нээлтээ хийлээ. Монголын үзэгчдэд эхнээсээ хүрээд эхэллээ.
Тухайлбал, олон сая багачуудын сэтгэл зүрх, сонирхлыг татах зарчмаар ашиг орлогоо нэмэгдүүлдэг кино үйлдвэрлэгчид "Мулан” нэртэй хүүхэлдэйн киног энэ удаад бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл болгосон нь энэ юм. Өнгөрсөн онд дэлхийн кино зах зээлээс гурван тэрбум долларыг халаасласан "Диснэй” компанийн уг бүтээл 200 сая долларын өртгөөр бүтжээ.
Гэвч дэлхий дахинд нээлтээ хийсэн даруйдаа энэхүү зардлаа нөхөж, ашиг руугаа орж эхлээд байна.
Ер нь дэлхийн кино үйлдвэрлэл асар ашигтай салбар төдийгүй бүтдэг зардал нь өндөр ч олдог орлого нь их. Энд зөвхөн ашиг орлогын тухай асуудлаас гадна киногоор дамжуулан оюун санааг эргүүлэх, өөрийн ашиг сонирхлыг далдуур хүлээн зөвшөөрүүлэх том гүрний бодлого нэвт шингэсэн байхыг олон бүтээлээс харж болно.
Дэлхийн том компаниуд ийнхүү кино урлагаар дамжуулж мөнгө хийхийн зэрэгцээ улс төрийн далд бодлогыг хүчтэй сурталчилдаг. Тэр бүү хэл улсынхаа эдийн засгийн тодорхой хувийг зөвхөн соёл урлагаасаа бүрдүүлж байна. Харин манай улсад ямар байна вэ?
Орчин цагийн монголын кино урлагт дэвшил гарсаар байна. Театруудад шил шилээ даран олон бүтээл нээлтээ хийж, үзвэрийн самбарт хуваарь нь харагдана. Уран бүтээлчид тус тусын чиглэлээр салж дотоодын өрсөлдөөн нэмэгдэх болсон нь бүтээлийн чанар, утга найруулга, зохиол, жүжигчдийн тоглолт, зураг авалтын техник гээд асар их дэвшлүүдийг манай киноны салбарт авчрах болов. Өдгөө сайн зохиол ба найруулга, чанартай техникийн ачаар аль ч улсын киноноос дутахааргүй бүтээл гарах эхлэл амжилттай тавигдаж байна. Хамгийн сүүлд л гэхэд "The Women”, "Хэлгүй жим” зэрэг сайн бүтээлүүд үзэгчдийн хүртээл болж, эд гарч байна. Нэг үгээр Монголын кино урлаг сэргэж, өөрийн гэсэн үзэгчтэй болжээ.
Гэвч энэ тийм ч хангалттай бус. Учир нь дэлхийн аварга компаниудын кинонууд монголын бүтээлийг дарангуйлан орж ирж нэгэн зэрэг дэлгэцээр гарч байгаа тул үзэгчид самгардах, улмаар монгол бүтээл үнэгүйдэх явдал гарах болов.
Бид холливуудтай өрсөлдөх гээгүй. Гагцхүү өөрийн урлаг, уран бүтээлчдээ тэр хэмжээнд аваачахын төлөөх сэтгэлгээ, хандлагаа хадгалах, улам сэргээх хэрэгцээний тухай л ярьж байна.
Ингэхдээ үзэгчид үндэсний бүтээлээ үзэх, эргээд киночид өөрийн бүтээлийн зардлаа нөхөх, дараагийн шинэ, чанартай бүтээл хийх санхүүгээ босгох бодлогыг барих шаардлагатай.
"Диснэй” коапмнийн "Мулан”, "Марвел”-ийн цурвал зэргийг дурддагийн учир ердөө энэ.