|

Дархан хотод ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоолоо

Монгол Улс дотооддоо коронавирусний халдвар алдсантай холбогдуулан улсын хэмжээнд өнөөдрөөс /2020.11.12/ 06.00 цагаас эхлэн тав хоногийн хугацаатай ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоогоод байна. 

Тэгвэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал захирамж гаргажээ. Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймагт өнөөдрөөс /2020.11.12/ хатуу хөл хорио тогтоогоод байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "а”, "л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан арилжааны банк, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнс үйлдвэрлэл, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны ажлаас бусад үйл ажиллагааг хязгаарлан, гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллагуудын ажил үйлчилгээ явуулахыг түр хугацаагаар зогсоосугай.

2. Дээрх хугацаанд аймаг, сумын төвөөс гарах, орох чиглэлд иргэд, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласугай.

3. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон гэртээ харгалзах хүнгүй 0-12 насны хүүхэдтэй албан хаагчдыг гэрээсээ ажиллах нөхцөл бололцоогоор хангахыг төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4. Дээрх хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, ундны усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайд зорчихгүй байх асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Х.Алтанхуяг/, гамшгаас хамгаалах мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудад даалгасугай.

5. Захирамжийг иргэд, олон нийтэд мэдээлэх, холбогдох байууллагуудад шуурхай хүргүүлэхийг аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга /Х.Соёл-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар /С.Пүрэвсамдан/, Цагдаагийн газар /Х.Алтанхуяг/, Мэргэжлийн хяналтын газар /Д.Бат-Эрдэнэ/, Эрүүл мэндийн газар /Б.Батцэнгэл/, сумдын Засаг дарга нар болон мэргэжлийн алба, мэргэжлийн ангиудад тус тус даалгасугай.