|

С.Амарсайхан: Аль болох хөл хорио тогтоохгүй

С.Амарсайхан: Аль болох хөл хорио тогтоохгүй

 

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, тулгамдсан асуудалтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд Корона вирусийн 10945 тохиолдол батлагдсанаас 7808 нь эмчлэгджээ. Өнөөдрийн байдлаар 2894 иргэн хөнгөн хэлбэрээр оношлогдож гэрээр эмчлүүлж байна. Вакцинжуулалтын хувьд 1 дүгээр тунд нийт хүн амын 85 хувь, 2 дугаар тунд 88 хувь хамрагдсан бол 6693 иргэн бүүстэр тун хийлгэжээ.

Сэлэнгэ аймгийн хувьд цар тахлын халдвараар нийт 6992 иргэн өвчилснөөс 80 орчим хувь хөнгөн хэлбэрээр оношлогдсон байна. Вакцинжуулалтын хувьд 85 хувь 1 дүгээр тунд, 80,2 хувь 2 дугаар тунд хамрагдсан талаар аймгийн Засаг дарга Ж.Оргил танилцууллаа.

Аймгийн хэмжээнд 35 сургууль, 44 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийн багш ажилчдын 96 хувь вакцины бүрэн тунд хамрагдсан бол 12-17 насны 80 орчим хүүхдүүд 2 тунд бүрэн хамрагджээ. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөөврийн рентген аппарат, ПСР төхөөрөмж шаардлагатай байгааг Шадар сайд даруй шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн юм.

Манай улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил ургац сайтай байгаа бөгөөд өнгөрсөн жилээс 2.5 цн-ээр их ургац авах төлөвтэй байгааг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан "Цар тахлын үeд аль болох хөл хорио тогтоохгүйгээр ажил, амьдралаа хэвийн явуулах бодлогыг Засгийн газар, УОК-оос баримталж байгаа. Ялангуяа Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг, импорт, экспортын ачаа бараа, бүтээгдэхүүний идэвхтэй бүс болох хилийн томоохон боомттой Сэлэнгэ аймгийн тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох дэмжих учиртай. Үүний тулд Халдварын голомтыг хумих ажлыг эрчимжүүлж шат шатны ажлын уялдаа холбоог сайжруулах нь чухал.

Ковидын Халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүд, ахмад настай, жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд сайн дураар хамруулах ажлыг эрчимжүүлж, иргэдийг мэдээ мэдээллээр сайтар хангах хэрэгтэй" хэмээн үүрэг даалгавар өглөө.