УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Хүрээ сайдын хөмрөг"-ийг гадаадад зарсан үйлдэлд хуулийн ямар хариуцлага хүлээлгэхийг ХЗДХ-ийн сайдаас тодруулжээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, "Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Монголын тэргүүний түүхчид нэг асуудлыг дэвшүүлээд байгаа. Монгол Улсын 1725-1911 оны түүх хамаарах "Хүрээ сайдын хөмрөг”-ийг гадаадад зарсан байна. Уг хөмрөгийг ном болгон, АНУ-ын Конгрессын номын санд "Хятадын орон нутгийн түүх” гэсэн ангилал дор оруулсан байна. Ингэхдээ Хүрээг Хятадын нэг хошуу гэсэн байдлаар гуйвуулах асуудал гарлаа. Монголын 1725-1911 он хүртэлх түүх, сан хөмрөг нээлттэй мэдээлэл үү, хаалттай мэдээлэл үү. Үүнийг нээлттэйгээр дуртай нь аваад хэвлүүлээд явж болох юм уу. Нийтийн мэдээллийн тухай хуулийн 7.6-д хаалттай мэдээлэл гэдэг заалт бий. Энд хамрагдах юм уу. Нээлттэй мэдээлэл бол энэ хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой. Хаалттай мэдээлэл бол өөр хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн дараа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчилж гаргах шаардлагатай байгаа. Ч.Ундрам гишүүний дурдсан түүхийн нэн чухал олдвор, бичгийг нээлттэй ангилалд оруулаагүй. Чин гүрний үед хамаарах архивын ховор баримт бичгийг гадаадад зарсантай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан” гэв.