|

Нүүрсний хулгай ба С.Зоригийн хэрэг: Хөхөө гэрлэж чадаагүйд Бумаа ямар буруутай вэ?

Нүүрсний хулгай ба С.Зоригийн хэрэг: Хөхөө гэрлэж чадаагүйд Бумаа ямар буруутай вэ?

 

Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг Тамир” кинон дээр хоёр жаал тараг ууж суугаад "хүний амандаа зуусан гаансыг тас үсэртэл буудсан” тухайгаа халж өгдөг дөө. Тэрэн лүгээ ижил дүрийг манай Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар өнөө цагт бүтээж байна даа. Зүгээр сайхан тараг үлээж суугаад л төрийн ажлыг явуулдаг.

Өчигдөрхөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар С.Зоригийн аллагын хэрэгт яллагдаж, гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосноо зарлав. Прокурорын хүсэлтээр хэргийн мөрдөн байцаагч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Уг нь бол хоёр жилийн өмнө яг өдийд энэ хоёр хүнийг "Эрүүдэн шүүсэн нөхцөл байдлын улмаас авагдсан нотлох баримтыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах” шүүхийн шийдвэрээр хоёр этгээдийг батлан даалтад гаргасан. Үүнээс хойш С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу үргэлжилж байгаа гэж бид ойлгож байв. Гэтэл нөхөд "шударга ёсыг тогтоох үүднээс” хэргийг шууд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Аллагын гэмт хэрэгтнүүд шүүхээс ял аваад шоронд ялаа эдэлж байхад ШШГ байгууллагаар дамжуулан ялтнуудтай уулзаж, мэдүүлгээсээ буцахыг ятгаж, "эрүүдэн шүүсэн” нэрээр хэргийг задалсан Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж өнөөдөр "Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлүүлэх ёстой” хэмээн хашгираад зогсож байна.

С.Зоригийн аллагын хэрэгтнүүдийг шүүхийн шийдвэргүйгээр цагаатгасан энэ үйл ажиллагааг зарим хүн удахгүй болох сонгуультай холбон тайлбарлаж ч байх шиг. Сонгууль холимог системээр явах болсон (УИХ дээр хуулийн төсөл нь явж байгаа) тул хаалгаар гаргасан Ц.Нямдорж нь тооноор орж ирэх (намын жагсаалтаар) тухай ч цуу яриа явж байна. Нөгөөх нь дүрдээ итгэчихсэн "Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр шоронд нас барах байсан. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй. Мэргэжлийн хувьд ойлгож ядаад байх юм байгаагүй. Нэг л өдрийн ажил байсан” гэчихсэн хөөс цахруулаад Төрийн ордноор гүйж явна.

Эцэстээ С.Зоригийн хэрэг ч гэж байхгүй, захиалагч, гүйцэтгэгч байхгүй, С.Зоригийг хэн ч алаагүй, хөөрхий талийгч өөрийнхөө тавьсан хутган дээр 50, 60 удаа унаж үхсэн болж таарлаа.

Уг нь бол Ц.Нямдорж гэдэг хүн МАН-ын жагсаалтад орно уу, байна уу? маньд ямар хамаатай. Үсрээд намаа л доош татна биз. Харин одоо алба хашиж байгаа Х.Нямбаатар сайдын эл үйлдлийн ард илүү том "заль мэх” нуугдаж байна гэж хардаж байна. Тэр бол МАН-ын Засгийн газрын "шүгэл үлээсэн” нүүрсний хулгайн хэрэг. Иргэд "Нүүрсний хулгайгаа илрүүлээч ээ, хариуцлага тооцооч ээ, Шударга ёс хаана байна аа?” гэхээр "Май, энэ чиний шударга ёс. С.Зоригийг Чимгээ, Содномдаржаа хоёр С.Зоригийг алаагүй” гээд өөр нэг хэрүүлийн алим шидчихэж байгаа юм. Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын хөгшчүүл 20 жил С.Зоригийн хэргээр улс төр хийж, голоо зогсоосон. Одоо дараа үеийнхэн нь "ясыг нь хүлхэж” байна л даа. Л.Оюун-Эрдэнэ нарын шүүх рүү улайраад дайраад байсан нь ийм учиртай байж. Ард түмэнд бас нэг "яс” хаяж өгөөд ар хударгаар нь хулгайгаа гүйцэлдүүлэх.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар анх нүүрсний хулгайг зарлахдаа "Төсвийн орлогод орох ёстой 40 их наяд төгрөгийн баялгийг нүүрсчид хулгайлжээ” хэмээн мэдэгдсэн. Тэр нь ҮАБЗ дээр хийгдсэн нууцын зэрэглэлтэй оффтейк гэрээтэй холбоотойг ч хэлсэн. Уул шугамандаа гэмт хэрэгтнүүдээ шууд нэрлэчихсэн юм шүү дээ. ҮАБЗ-д хэдэн хүн байдаг билээ, хэн хэн байлаа.

Дараа нь АТГ хэргийг шалгаад нүүрсний хулгайд оролцсон хүний нэрийг зарласан, долоо нь УИХ-ын гишүүн. Долоон гишүүний тав нь МАН-ын гишүүн. Гэтэл сая УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр оруулж ирсэн гурван хүний нэг нь АН. Хоёр гишүүнийхээ нэгийг МАН аваад үлдчихсэн. ҮАБЗ-өөс чиглэл өгч, МАН-ын Засгийн газар байгуулсан нүүрсний оффтейк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалтад сөрөг хүчний гишүүн "Ажнай” Бат-Эрдэнэ ямар хамаа байна аа? Гуя дагаж хүзүү гэдэг болов.

Нэг зүйлийг тодруулахад, Тавантолгойн ордын нийт хэмжээ 110 мянган га. Үүнээс ашиглалтын зөвшөөрөлтэй нийт талбайн 95,5 хувь буюу 68522 га-д төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа явуулдаг. 4,1 хувь буюу 2959 га-д "Энержи ресурс” ХХК, үлдсэн 0,4 хувь болох 276,9 га-д орон бидний ярьдгаар "Жижиг Тавантолгой” буюу орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК үйл олборлолт явуулдаг. Компанийн нийт хувьцааны 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч, 49 хувийг 23 орны 2682 хувьцаа эзэмшигч (2022 оны байдлаар) эзэмшдэг. Үүнээс хамгийн том хувьцаа буюу 20 орчим хувийг дээр нэр гарсан "Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг хүн эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн энгийнээр хэлбэл ордын 0,4 хувийг эзэмшиж байгаа орон нутгийн өмчит "Тавантолгой” ХК-ийн хувцааны 20 хувийг "Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг хүн эзэмшдэг юм байна. Тэгээд тэр компани нь зах зээлийн үнээс хямдаар гэрээ хийж, улсад хохирол учруулсан, хувьдаа ашиг олсон гээд байгаа оффтейк гэрээтэй бүр "түй” ч хамаа байхгүй. Хэзээ байтлаа, яасан гэж хувийн компани, тэр тусмаа нийтэд хувьцаагаа гаргасан хувьцаат компани зах зээл дээр 130 ам.доллар байгаа нүүрсийг 60 доллараар зарах гэрээ хийгээд, өөртөө хохирол учруулаад явж байх юм бэ. Хүн өөрийнхөө өмчөөс хулгай хийнэ гэж байх уу? 

Хэрэв тийм бол ядаж Д.Бат-Эрдэнэ гэдэг хэдий хэмжээний нүүрс хулгайлсан, яг ямар үйлдлээрээ гэмт хэрэгт буруутгагдаж байгаа зэргийг ил зарлах хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын зарласан 40 их наяд төгрөгийн хохирлын яг хэдийг нь "Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг хүн дээр тохож байгаа юм. Хамт түдгэлзүүлсэн Т.Аюурсайхан гишүүн бас хэдэн төгрөгийн хохиролтой юм. Энэ хоёртой хамт шалгагдаж байсан Ж.Мөнхбат гишүүн яагаад өөрөө хүсэлтээрээ өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээс буугаад явчихав?

40 их наяд төгрөг гэдэг бол нэг хүний сарын цалингаар бодоход 40 сая хүний цалин. Энэ мөнгөөр 40 сая айл хоолтой, ундтай явна аа гэсэн үг. Монгол Улсын нийт өрхийн тоо 800 мянга гаруйхан. Өрхийн тоондоо хуваагаад үзвэл улсаараа 50 сар буюу дөрвөн жил амьдрах, амь зуух мөнгө.

Тэгвэл энэ мөнгийг хулгайлсан бусад хүмүүс нь хаана явна? АТГ-аас зарласан 17 албан тушаалтны хэн нь хэдэн их наядыг хулгайлсан юм? Үүнийгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар яг одоо зарлах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол "Ажнай” Бат-Эрдэнэ гэдэг нэг хүнээр туг тахьчихаад ард жинхэнэ хулгайч нар нь ял завшаад, дараагийнхаа хулгайч нарт байраа тавьж өгөөд явах болно. Эцэстээ нүүрсний хэрэг гэж байхгүй, 40 их наяд төгрөг ч гэж байхгүй, АН гэдэг ганц "хулгайч”-тай, тэр нь "Ажнай” Бат-Эрдэнэ болж үлдэх нь.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын зарласан "40 их наядын нүүрсний хулгай” анхнаасаа худлаа, санаанаасаа зохиосон зүйл байсан бол Монголын нийгмийг нийтээр нь хагаралдуулж, уур бухимдалд автуулсан, гэм зэмгүй хүмүүсийг гүтгэсэн, идэр есийн хүйтэнд хайран сайхан залуусыг хотын төв талбайд шалдалсан, нүцгэлснийхээ төлөө энэ хоёр хүн өөрсдөө уучлал гуйгаад огцрох, хариуцлагаа хүлээх ёстой.

Ингэхэд Хөхөө гэрлэж чадаагүй нь Бумаад ямар хамаа байна аа?

Б.СЭМҮҮН

https://www.inews.mn/a/32121