|

Ц.Нямдорж, Б.Хурц нар нэг хэргийн хоёр тал болов

 

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулсан талаар өчигдөр мэдээлсэн. Түүнийг ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үед С.Зориг агсны аллагын хэрэгт шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан байна.

Т.Чимгээ, С.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн буюу Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэргээр тагнуулын хоёр, ШШГ байгууллагын нэг ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, өнгөрөгч гуравдугаар сарын 15-нд цагдан хорьсон бөгөөд уг үйл явдлын дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн нотлох баримт болох бичлэгийг олонд дэлгэж, дуулиан тарьсан билээ.

Гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байсныг өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 19-нд прокурор харъяалал тогтоон ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэст шилжүүлсэн юм байна. Ингээд дөрөвдүгээр сарын 23-ны орой ТЕГ-ын дарга Б.Хурцыг хойшлуулшгүй ажиллагаагаар (48 цаг) баривчлан саатуулж, өчигдөр буюу 24-ний өдөр түүнийг цагдан хорих (30 хоног) хүсэлтээ прокурор, шүүхэд хүргүүлжээ.

ТЕГ-ын дарга Б.Хурцыг баривчлан саатуулсан дээрх үйл ажиллагаатай зэрэгцэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг "Эрүүдэн шүүсэн асуудлаар мэдээлэл хийхдээ төрийн нууцын тухай хууль зөрчсөн, гүйцэтгэх ажиллагааны нууц материалыг нийтэд ил гаргасан, хэргийн нууц материалтай хууль зөрчиж танилцсан” гэх мэт гурван ч үндэслэлээр ТЕГ-аас эрүү үүсгэн шалгаж байгаа мэдээлэл цацагдав.

Ер нь бол бүр оны өмнө буюу 2018 оны сүүлчээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зарим үйлдлийг хуулийн байгууллага хараандаа авсан, хэргийн холбогдогч нартай нууцаар харилцаа тогтоосон гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд дээр нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай УЕП-ын орлогч "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо ам алдсан. Уг нэвтрүүлэгт Хууль зүйн сайдтан мөн оролцож, прокурор асантай халз мэтгэлцэх урилга хүлээн авсан ч оролцохоос татгалзсан билээ. Харин одоо өөрт холбогдох хэргийн талаар байцаалт өгөөд тун завгүй яваа бололтой.

Өмнө нь төрийн ордод хийсэн мэдээллийнхээ үеэр Ц.Нямдорж сайд Б.Хурцыг "С.Зоригийн хэргийг зохиосон, хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүж, хилсээр ял хүлээлгэсэн” хэмээн буруутгасан билээ. Гэвч одоо өөрөө нөгөө хэргийнхээ бас нэг тал болчихлоо. Хүссэн юм хүзүүгээр татна гэж энэ байх даа.

Б.Заяа

Эх сурвалж: http://www.inews.mn