|

Ц.Нямдорж Хууль зүйн сайд уу, яллагдагчийн өмгөөлөгч үү?

 

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ "С.Зоригийн хэргийг шалгаж шийдвэрлэхдээ хэргийн холбогдогч нарт зохиомол хэрэг тулгаж хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн байна. Энэ бичлэгийг нийтэд ил болгоно, хилсээр ял хүлээсэн хүмүүсийг би өөрөө хөөцөлдөж суллуулна” гэсэн билээ.

Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд Ц.Нямдорж сайд энэ асуудлаар мэдээлэл хийж, гишүүдэд бичлэгийг үзүүлжээ. Ингэсний эцэст "эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой” гэдэг шийдвэрийг намын бүлгээс гаргав. Мөн энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ҮАБЗ-өөр хэлэлцэх, энэ асуудал нэг тийш шийдэгэх хүртэл уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор болох УЕП-ын орлогчийн томилгоо хойшлуулах шаардлагатай гэж үзсэн байна. УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч нэгдүгээр сард дууссан тул УИХ-ын ээлжит бус чуулганаар орных нь хүнийг томилохоор яригдаж байсан юм.

Мөн энэ өдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар сар бүр хийдэг ээлжит мэдээллээ хийв. Энэ мэдээллээр "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас яллагдагчдын гэм буруугийн талаар ярих боломжгүй. Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал яригдаж, прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд ирүүлсэн учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгалтын явцад зарим нэг хууль зөрчсөн нотлох баримт бидэнд хураагдсан. Гүйцэтгэх ажлын нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй” гэсэн билээ.

Ямартай ч хэргийн холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг МАН олон нийтэд үзүүлэх юм байна. АТГ-ынхан бол эсрэг байр суурьтай байх шиг байна. Гүйцэтгэх ажлын нууц гэж ярьж байна. Тэгэхээр Хууль зүйн сайдын энэ шийдвэр хууль зөрчсөн эсэх талаар хуульчид хожим хариулл өгөх биз. Харин эрүүдэн шүүсэн бичлэг илэрснээр уг хэргийг "зохиомол” гэж үзэж болох уу?

Нэлээд олон жил мөрдөгчийн ажил хийсэн туршлагатай мөрдөгч хүн ингэж ярьсан юм. Эрүүдэн шүүх асуудал яагаад гардаг тухай.

Гэмт хэрэг хийсэн хүн эхлээд шууд хэргээ хүлээдэг. Гэвч 2-3 сар, түүнээс удаан хугацаанд хоригдоод, нийгмээс тусгаарлагдаад ирэхээрээ мэдүүлгээсээ буцаж эхэлдэг. Хүлээх ялаасаа айж эхэлдэг. Тэгэхээр хавтасч хэргээ боогоод яг сайхан шүүхэд шилжүүлэх гэж байсан мөрдөгч уурлаад "Чи муу яахаараа хэргээ хүлээдэггүй юм” гээд шанаадчихдаг. Нөгөөх нь "Энэ нөхөр намайг эрүүдэн шүүсэн” гээд гомдол гаргачихдаг. Ингээд ганц удаагийн үйлдлээр хэдэн сар, жилээр цуглуулсан хэргийн материал, нотлох баримт ямар ч үнэ цэнэгүй болдог юм аа гэж.

Учир нь хэргийг мөрдөн шалгах явцдаа ЭХХШАТ (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай) хуулийн аль нэг заалтыг зөрчсөн (тухайлбал, эрүүдэн шүүсэн гэх мэт) нь тогтоогдвол энэ нь шүүх энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болдог. С.Зоригийн хэргийн холбогдогч нарт ч гэсэн энэ хамаатай. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн нь баримтаар тогтоогдвол тэдэнд оноосон ял хүчингүй болно, хэргийг бүр эхнээс нь шалгах шаардлагатай болно гэсэн үг.

Гэхдээ энэ нь Ц.Нямдорж сайдын хэлсэн шиг шууд утгаараа "зохиомол хэрэгт тулгаж ял хүлээлгэсэн” гэсэн үг биш. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явах ёстой, ямар ч тохиолдолд хүний үндсэн эрхийг зөрчиж болохгүй (эрүү шүүлтээс ангид байх) гэсэн хуулийн шаардлага. Үнэхээр зохиомол хэрэг байсан уу, эсвэл хэргийн шалгатын явцад алдаа гарсан уу гэдгийг хуулийн байгууллага л шалгаж тогтоох ёстой. Үүнийг таван удаа Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа Ц.Нямдорж гэдэг хүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тэгээд ч энэ хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа нөхцөлд Хууль сайд нь дангаараа "Хэргийн холбогдогч нар гэм буруугүй” гэдэг мэдэгдлийг хийх эрхгүй. Энэ бол нэг талаас шүүхийн хараат бус байдалд халдаж байгаа хэрэг. Хоёрдугаарт, хэргийн мөрдөн шалгалтад хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого.

Учир нь яг одоо хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа "Хэргийн захиалагч үндсэндээ илэрчихээд байгаа. Мөрдөн шалгалтын ажил явагдаж байна” гэсэн. Түүнээс хойш бараг арван сарын хугацаа өнгөрөөд байна. Уг нь Ц.Нямдорж сайдын хувьд хэргийн холбогдогч нарыг эрүүдэн шүүсэн асуудлаас илүү хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ гэдэг асуудал анхаарал татаж байх ёстой. Учир нь Хууль зүйн сайдын үүрэг бол гэмт хэрэгтэй тэмцэх, түүнийг илрүүлэх. Харин мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх нь прокурорын хяналт тавих ёстой асуудал.

Гэтэл Ц.Нямдорж сайд яг л яллагдагчийн өмгөөлөгч шиг ярьж байна. Хууль зүйн сайд хүн батлагдаж нотлогдоогүй мэдээллээр ийм мэдэгдэл хийх ёсгүй. Нөгөө талаас харвал хорин жил Хууль зүйн сайд хийчихээд энэ хэргийг илрүүлж чадаагүй, илрүүлэхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй хүн энэ дайны мэдэгдэл хийх нь аргагүй.

Б.Сэмүүн