Нэгэн цагт Н.Энхбаярыг “Улсаасаа баян Ерөнхийлөгч” хэмээн ад шоо үздэг байв. Тэгвэл орчин цагт аймгаасаа баян дарга тодорсон нь Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гэдэг нь бидэнд удаа дараа ирүүлсэн баримт мэдээлэл, иргэдийн байр сууринаас ил болж байна. Түүний хувьд 2020 онд аймгийн дарга болсон даруйд танил тал, анд нөхдөө агентлаг, газрын даргаар томилж, мөнгө угаах, хөрөнгөжих ажлаа амжуулж эхэлжээ. Ийнхүү гурван жил засаг ноёны суудалд залрахдаа аймгаасаа баян Засаг дарга гэх нэрийг зүүх болов.
Б.Азжаргалын хувьд аймаг удирдах ажлаа зайнаас амжуулдаг гэдгийг ч иргэд нуусангүй. Тухайлбал, өдгөө шуугиан тариад буй бэлгэвч зарахыг хориглосон захирамжаа Солонгосоос гаргаж байх жишээтэй. Өнгөрөгч гуравдугаар сард Европын орнуудаар явсан бол дөрөвдүгээр сард АНУ-аар гээд эрхэм засаг ноён хилийн чанадаас тушаал шийдвэр, захирамж гарган, ажил хийсэн дүр эсгэдэг бололтой. Мөн Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан хүний нэг нь Б.Азжаргал дарга аж. Ийнхүү булхай нь илрэхээр Газрын албаны даргаа барьж өгчихөөд өөрөө хилийн чанад зугаалж явна гэнэ. Ийм л нэг дээрээ засаг захиргаагүй, дэргэдээ түмэнгүй дур зоргоор аашлах Засаг даргыг чухам яагаад суудалд нь суулгаад байгааг ойлгох юм алга.
Өнөөдөр Засгийн газраас “Таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хоморголон шалгаж, эрхийг нь хүртэл түдгэлзүүлж байхад Б.Азжаргал гэгч ямар гээчийн эрх мэдэлтэн хэний ивээлд байна вэ гэх хардлага ч дагуулах болов. Тиймээс манай сонин аймгаасаа баян Засаг даргын тухай баримтуудыг дарханчуудын хүсэлтээр түүнийг баталгаажуулсан Засгийн газар, шалгах ёстой АТГ болон бусад холбогдох бүхий л байгууллагуудын сонорт үргэлжлүүлэн хүргэхийг зорилоо.
ЗУЛЗАГЫН ГОЛЫН ХӨВӨӨН ДЭХ ЗАСАГ ДАРГЫН ЗУСЛАН
Дархан-Уул аймгаас 23 километрын зайд Зулзагын голын хөвөө эрэг орчим нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн тогтоц бүхий газрын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг. Тэгвэл энэ орчимд Засаг даргын тамгын газраас зуслангийн газар олгож эхэлсэн гэх боловч жирийн иргэд огт авч чадаагүй. Харин Б.Азжаргал тэргүүтэй Засаг даргын тамгын газрын ажилчид нийлээд зуслангийн газруудыг авч, өөр өөрийнхөө хэмжээнд барилга байшин бариад эхэлжээ. Тиймээс Засаг дарга Газрын албаны дарга хоёр тансаг зэрэглэлийн хаусаа хөрш зэргэлдээ барьсан аж. Сүүлийн үед Зулзагын голын эрэг хөвөө орчим газар ихээхэн үнэд орж байгаагийн цаана Засаг дарга болон түүний баг хамт олон байгаа гэдгийг ч нуусангүй.
ДӨРВӨН АЙЛЫН ГАЗАР ДЭЭР БАРЬСАН ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХАУС
Б.Азжаргал Дархан сумын 31 дүгээр хороололд нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар АТГ-т шалгагдаж байгааг мэдээлж байсан. Уг нь анх Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга С.Насанбат тус хорооллыг 398 айлаар төлөвлөж байснаа дуулгаж байсан ч төд удалгүй 498 айл болж нэг зуугаар өссөн гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ нь өнөөх амины орон сууцны газрын үнийг өсгөх, дамлах процес байсан нь олйгомжтой. Тэнд дулаан байхгүй, цахилгаан байхгүй. Гэтэл Б.Азжаргал нар 30 айлын төлөвлөлт тасдаж аваад өөрсдөө цахилгаан эрчим хүч болон зам татсан. Энэхүү 30 айлын газарт нэг ч жирийн иргэн байхгүй. Засаг дарга ба түүний нөхөд хамаарна.
Тодотговол, Тамгын газрын алба хаагчид хурган дарга нар байгааг хэлсэн. Амины орон сууцны газар нь өдгөө зах зээлийн үнэлгээгээр 80 сая төгрөг хүрсэн ч Тамгын газрын алба хаагчид найман сая төгрөгөөр худалдан авсан байна. Б.Азжаргал урьд өмнө Дархан сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2020 онд аймгийн Засаг дарга болон дэвшсэн. Засаг даргаар ажилласан хүн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий хаус бариулаад дэд бүтцээ бүрэн шийдэж болдгийг тэр харуулсан, бас хариулсан анхны Засаг дарга болж байна. Уг нь Б.Азжаргал даргын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах орлогогүй гэж болно. Тухайлбал, 2017 оноос хойшхи түүний хөрөнгө орлого өдийг хүртэл тогтвортой өсч ирсэн ч ийм боломж байхгүй бөгөөд 2018 онд 30 сая 188 мянга, 2019 онд 40 сая 195 мянга, харин 2020 онд 62 сая 530 мянга болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гэр бүлийн орлогын хувьд 2018 онд 76 сая 200 мянга, 2019 онд 84 сая 357 мянга, 2020 онд 50 сая 729 мянга болж буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн хувьд нийтийн орон сууц тав, зуслангийн байшин нэг, үйлчилгээний зориулалттай нэг, авто гараж хоёр, тээврийн хэрэгслийн хувьд “Toyota Prado” автомашинтай аж. Эндээс харахад богино хугацаанд тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах өндөр орлоготой хүн биш.
ГАЗРЫН НАЙМААГ ГААРУУЛСАН ЗАСАГ ДАРГЫН БАГ
Аймгийн Засаг дарга болон түүний баг хамт олон Дархан-Уул аймагт газрын наймааг гааруулсан гэдгийг иргэд хэлж байна. Өнөөдөр иргэд өөрийн эзэмших ёстой 0.7 га газрыг авч чадахгүй байхад Иргэдийн хурлын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, Газрын албаны дарга Д.Батчулуун нар хамтран амины орон сууц газар нэрээр газрыг үнэд оруулж дамлан зараж байгаа эх сурвалж хэлсэн юм.
Энд олон зүйл нуршилгүйгээр Газрын албаны дарга Д.Батчулуун нь 3,400м2 долоон газар эзэмшдэг байна. Дэлгэрүүлбэл, 40 га-1, 10м2-1, 20м2-1, 2700м2-1, 39м2-1, 500м2-2, 84м2-1 гээд нийт 3400м2 гаруй эзэмших зориулалтын долоон ширхэг газартай хэмээн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ. Тэгвэл Б.Азжаргалын хувьд Засаг дарга болсон даруйд газар эзэмшлийн хэмжээ нь огцом өссөн гэх мэдээлэл бий.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Дархан сумын Засаг дарга байхдаа 2017 онд 75 саяын үнэ бүхий эзэмших, 1344м2-1, эзэмших, 500м2-1 хоёр газартай байсан бол 2018 онд Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-1 гэсэн олон газартай болсон ч үнэлгээ нь 65 сая болон буурсан бол 2019 онд дээрх онтой адилхан Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-1 газрууд нь хэвээрээ ч үнэлгээгээ 75 сая хэмээн мэдүүлсэн байна. Харин аймгийн Засаг дарга болоод 2020 онд 87 сая төгрөгийн үнэ бүхий Эзэмших-12000м2-1, Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-2 газруудаа дахин мэдүүлж, үнэлгээгээ өсгөсөн бол 2021 онд ч 95.5 Эзэмших-1344м2-1, Эзэмших-22000м2-1, Эзэмших-500м2-2, Эзэмших-799м2-1 газруудтай хэмээн мэдүүлсэн байна. Нэг хүнд ийм олон газрын хэрэг байхгүй. Тэгэхээр яах аргагүй газрын наймаачин гэдгийг нотлох мэт. Магадгүй түүнийг Газрын албаны даргынх нь араас шалгаж таарна. Өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Батчулуун хамтрагчаа хаацайлж, хэргийг ганцаар үүрэв гэдгийг ч хэлсэн.
ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ БОЛГОЖ, ХӨРӨНГӨ ЗАВШИВ
Б.Азжаргал Засаг даргын суудалд заларсан даруйд анд нөхдөө агентлаг газрын даргаар томилж эхэлжээ. Тодотговол, “Залуучууд” театрын даргаар багын найз жүжигчин А.Болорсухийг томилсон байна. Ийнхүү А.Болорсүх дарга театрт огт ажилладаггүй хүнийг цалинжуулж байсныг анхан шатны шүүхээр тогтоон, ажлаас чөлөөлөх тогтоол гарсан ч Б.Азжаргал хаацайлсаар өнөөдрийг хүргэжээ. Давж заалдах шатны шүүхээс удаа дараа дуудсан ч ковид туссан нэрээр очоогүй гэдэг. Тэр ч бүү хэл театрынхаа даргын эхнэрийн дансаар ковидын үед мөнгө угаасан байж болзошгүйг АТГ-т шалгуулна гэдгээ хэлсэн юм. Мөн Засаг даргын хамаарал бүхий нөхөр Ус сувгийн газрын дарга Г.Эрдэнэбат ажлын байран дээрээ удаа дараа архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэдэг ч өдгөө болтол ямар ч арга хэмжээ аваагүйг шалгуулах аж. Түүний Удирдлагын академийн нэг ангийн Б.Баасанжаргал нь Орон нутгийн өмчийн газрын даргаар ажилладаг байна. Тэрбээр засаг ноёныхоо тендерийн асуудлыг зохицуулдаг байж болзошгүй нэгэн бөгөөд 2022 онд ажил үйлсээрээ тэргүүлэн ажилласан хэмээн ангийнхаа хүүхнийг 10 сая төгрөгөөр шагнаж байжээ. Өөрөөр хэлбэл тендер сайн “гулгуулсан” гэх шагнал хэмээн дарханчууд хошигнж байна Өнгөрөгч жил Дархан-Уул аймгийн нэр дээр тендертэй холбогдох 15 гомдол Сангийн яаманд очсоноос найм нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэсэн алдаа гаргасан гэхээр яах аргагүй будилаантай зүйл болж таарна. Б.Баасанжаргалын жилийн орлого нь 130 сая төгрөг гэж мэдүүлснээс харахад энэ орлогоо тайлбарлах ёстой хэмээв.
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВААД СУРААГҮЙ
Саяхандаа, Боловсролын Зээлийн Сангаас зээл аваад сураггүй болсон гэх 179 хүнийг танилцуулж байсан: Тэгвэл аймгаасаа баян дарга маань Боловсролын Зээлийн Сангаас 32 мянган ам.долларын зээл аваад сураагүй аж.
Энэхүү Сангийн яамны нээлттэй болгосон шинэ мэдээлэлд гадаадад суралцахаар төрөөс их хэмжээний дэмжлэг авсан 1.893 хүний нэр, тэдгээрийн зээлийн үлдэгдлийг бүгдийг нь танилцуулж байсныг та санаж байгаа байх. Үүнээс харахад Б.Азжаргал даргын хувьд төрийн бүхий л хөрөнгө мөнгөнд гар дүрсэн гэдгийг харж болно.
ЛАНД АВТОМАШИН ЗАХИАЛАН АВЧЭЭ
Өдий олон жил ажилласан хүн үнэ цэнтэй машин тэрэг хөлөглөж, тансаг орон сууцанд амьдралгүй яахав гэж хэн ч бодож болно. Гэхдээ Б.Азжаргал дарга Дархан сумын Тамгын газар, сумын Засаг дарга байхдаа ийм баян байгаагүй гэдгийг дарханчууд хэлж байна. Харин аймгийн Засаг дарга болсон даруйд огцом хөрөнгөжиж баяжсан аж.
Тэрбээр сүүлийн үед баячууд хөлөглөх болсон “Ланд круйзер” маркийн автомашин захиалан авчирч хөлөглөх болжээ. Тус машины үнэ өнгө будаг, он сараасаа хамаарч 261-390 сая төгрөгийн үнэтэй гэдгийг зах зээлийн үнийн судалгаан дээрээс харж болно. УИХ-ын гишүүд, сайд дарга нар хүртэл унасан машинаа ямар мөнгөний эх үүсвэрээс авсан гэдгээ шалгуулж, шүүсээ шахуулж байхад Б.Азжаргал Бурхантын хөндийд дураар дургиж сууна.
Б.АЗЖАРГАЛААС ТАЙЛБАР АВАХ ЁСТОЙ
Засгийн газраас “Таван Ш” ажиллагаа өрнүүлж, шударга ёсыг тогтоохоор зүтгэж байна. Нөгөө талаар төрд бугшсан авлига хээл хахуулиас эхлээд төрийн мөнгөөр гараа угаасан хэнтэй ч хатуу тэмцэж байгаа.
Гэтэл нэг аймгийн Засаг дарга нь насаараа бизнес хийгээгүй байж дөрвөн айлын газар дээр тансаг зэрэглэлийн хаус бариулж, түүн рүүгээ ус цахилгааны шугам татаж, зам тавьсан, мөн голын эрэг хөвөөнөө тансаг зуслангийн байшин босгож, хамгийн сүүлийн үеийн загвартай хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй автомашин хөлөглөж, төрийн албанд төрлийн хэлхээ бий болгож, мөнгө хөрөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдлыг иргэд олон нийт мэдүүлсээр байхад холбогдох газрууд яагаад чимээгүй байна вэ.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН