|

Дарханы удирдлагуудын “Газрын наймаа” Хонгор суманд халдварлажээ


Өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумыг цианидын хордлогоор нь монголчууд мэдэх болсон. Харин сүүийн жилүүдэд дуулиан шуугиан тун бага байсан Хонгор сум газрын наймаагаар эргэн монголчуудын анхааралд ирж байна. Энэ нь аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат, Газрын албаны дарга Д.Батчулуун нарын эхлүүлсэн “газрын наймаа”-ны халдвар гэдгийг хонгорчууд хэлж байна.
Өдгөө Хонгор сумын Засаг даргаар Б.Азжаргалын санал болгож дэмжсэн Т.Атархишиг гэх нөхөр ажилладаг бөгөөд тэрбээр өөрийн хамаарал бүхий нотаритаар дамжуулан,  иргэдийн бичиг баримтыг ашиглаж тариалангийн бүс нутагт газрын наймаа хийдэг байж болзошгүй гэдгийг Хонгор сумын иргэн Б.Ариунболд бидэнд мэдээлсэн юм. Өдгөө аймгийн Засаг дарга Б.Азжаргал нарын зусдаг Зулзагын гол Хонгор сумын газар нутагт хамаардаг бөгөөд сумын Засаг дарга нь “Зулзагын голын ай сав газарт газар олгохгүй” хэмээн захирамж гаргачихаад тус газарт зуслангийн зориулалтаар 0.7 га газрыг таван сая төгрөгөөр зардаг гэдгийг ч тэр хэлэв. Өөрөөр хэлбэл захирамж хэмээх хөшиг татчихаад цаана нь газрын наймаа хийдэг нь эндээс харагдана.  
Энэ бол яах аргагүй Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын эхлүүлсэн газрын наймааны схем хөдөө орон нутагт халдварлаж байгааг харуулсан хэрэг болов уу. Нэгэн цагт цианидын хороор олны танил болж байсан Хонгор сум бол алттайгаас гадна тариалангийн бүс нутаг учраас энэ чиглэлд ихээхэн наймаа явж байгааг тэд хэлж байсан.
Зөвхөн газрын наймаагаар зогсохгүй тус суманд намжсан, улстөржсөн байдал газар авсан бөгөөд Сум хөгжүүлэх сангийн зээл жирийн иргэдэд очдоггүй. Уг зээлийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид авдаг гэдгийг ч нуусангүй. Энэ тухай дурдаад байвал барагдахгүй олон зүйл бий. Хонгор сумын иргэд наймааны замаар олгогдсон байж болзошгүй газар хэмээн хэд хэдэн баримт явуулсан ч энэ удаад бид нэр усыг нь дурдалгүй үлдээлээ. Дараагийн  цувралаар Б.Азжаргал даргатай холбогдох материалтай хамт хүргэх болно.
Үргэлжлэл бий...
 
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН