|

Б.Азжаргалын “ГАЗРЫН НАЙМАА” болон хууль бус ажиллагаа аймгаас сум руу хальсан гэв


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын тухай таагүй мэдээлэл бидэнд ирсээр байна. Тэрбээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат болон Газрын албаны дарга Д.Батчулуун нартай хамтран газрын наймаа хийж, хууль бусаар хөлжсөн байх магадлалтай мэдээллийг ирүүлж байсан.
Магадлалтай ч юу байхав, өдгөө Газрын албаны дарга нь 461 дүгээр ангид хоригдож байгаа гэхээр ойлгомжтой биз. Харин түүний “наймаа” болон хууль бус ажиллагааны хүрээ хаяа тэлж, сумдынхаа Засаг дарга болон бусад удирдлагуудтай хамтран газрын наймаа хийдэг байж болзошгүй гэх мэдээлэл бас ирүүлсэн. Тухайлбал, аймгийн Эрчим хүчний салбарын ахмад зүтгэлтнүүд эрчим хүчний даац хэтэрч, хоёр дахь эх үүсвэрийг байгуулахаар Шинэ Дарханаас зургаан километрт, Орхон сумын нутагт 15 га газар авсан ч аймгийн эрх мэдэлтнүүд уг газрыг нь булаан авчээ.
Уг нь Дархан-Уул аймгийн эрчим хүчний эх үүсвэр нь 120 мянган цаг ажиллах ёстой ч өдгөө 400 гаруй мянган цаг ажилласан, хэзээ мөдгүй харанхуй хот болоход ойрхон байгааг тэд хэлсэн. Гэтэл аймгийн удирдлагууд нь эрчим хүчний эх үүсвэрийг үл тоон, газрыг нь авчихсан байгааг “наймаа” л гэж ойлгохоос өөр аргагүй.
Мөнхүү Орхон сумын Засаг даргаар ажиллаж байсан н.Сарнай, Орхон сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Тэргүүлэгчээр ажилладаг Б.Хадбаатар гэх нөхөд Б.Азжаргалын газрын наймааны сүлжээнд хамааралтай байж болзошгүй гэдгийг хэлэв. Тодотговол, Орхон сумын Засаг дарга асан н.Сарнай, тус сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, Тэргүүлэгчээр ажилладаг Б.Хадбаатар, мөн тэдний хамаарал бүхий Б.Хулан нар Дархан-Уул аймаг руу орох зам дагуу, хамгийн ашигтай байрлалд тус бүр арав арван га газар авсан нь Б.Азжаргал даргын дэмжлэг, бүлэглэлийн газрын наймаа байх магадлалтай хэмээлээ. Үүнийг шалгах газар нь шалгана биз.
Аймгийн засаг ноёны хууль бус ажиллагааны хүрээ ийнхүү аймгаас сум руу тэлж байгаа учраас бид дараагийн дугаараар Шарын гол, Хонгор сумдад чухам ямар луйвар өрнөж байгааг мэдээлэх болно. Ингэхэд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гэх нөхөр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааны хаана нь үлдээд “наймаа” хийгээд байдаг юм бэ Үүнд хэн гэдэг эрх мэдэлтэн нөлөөлж байна, Засгийн газраас ч том толгой гаргаж байгаа Б.Азжаргал  даргад хариуцлага тооцохгүй байгаагийн цаана ямар хүчин зүйл нуугдана вэ гэх хүмүүс олон байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН