Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ён Сү гэгч нөхрийнхөө хамтаар АНУ-ын Нью Йорк хотноо амьдарч байна. Тэрбээр гэр бүлийнхээ хамтаар 1998 онд Швейцараас Америкт цагаачлан иржээ. Америкийн "Washington Post” сонины сэтгүүлч түүнтэй уулзаж ярилцсан талаар "www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлага өгөхийг зөвшөөрсөн ч өөрийнхөө болон гэр бүлийнхээ гадаад төрхийг олон нийтэд харуулахаас татгалзсан байна. Ко Ён Сү нөхрийнхөө хамтаар хими цэвэрлэгээний газар ажиллуулдаг аж.
Ким Чен Уны эцэг Ким Чен Ир таалал төгссөний дараа Хойдын нөлөө бүхий эрхэм Ко Ён Сүнд байшин худалдан авч өгсөн хэмээн АНУ-ын Тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Уг мэдээллийг тэрбээр үгүйсгэж "Би хэзээ ч Пхеньянаас тусламж дэмжлэг авч байгаагүй. Ким Чен Ун намайг байдаг эсэхийг ч мэдэхгүй” хэмээн хэлжээ. Тэрбээр мөн дүүгийнхээ улс төрийн бодлогыг шүүмжилж "Энэ байдал удаан үргэлжилвэл Хойд Солонгос улам хаалттай, хүмүүсийн эрх чөлөөг боосон улс болно” гэсэн байна.