Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баярыг манай улс 64 дэх жилдээ бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэв. Бяцхан үрсийн хүсэн хүлээдэг баяр болох энэ өдрийг анх 1925 оноос дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн түүхтэй билээ. Энэ өдрийг гэр бүл бүхэн чадах чинээгээрээ үр хүүхдээ баярлуулан өнгөрүүлсэн нь лавтай биз ээ. Тэгвэл бид энэ удаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан дэлхийн хүчирхэг удирдагчдын хүүхэд насны талаарх мэдээ мэдээллийг бэлтгэлээ. Эдүгээ олон улсын 6одлогыг тодорхойлж буй эл эрхмүүд хүүхэд насандаа ямар амьдралыг туулж, яаж амжилтад хүрч байсныг уншигчиддаа сонирхуулж байна.
1. Барак Обама
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Хуссейн Обама эдүгээ дэлхийн хүчирхэг удирдагчдын нэг. Гэхдээ түүний бага нас гэр бүл салалт, хойд эцгийн хараа хяналт, эмээ, өвөөгийн хайр халамж дунд өнгөрчээ. Тэрбээр 1961 оны наймдугаар арын 4-ний өдөр Хавайд төрсөн байна. Түүний эх Анн Дунхам, эцэг Барак Обама нар Хавайн их сургуульд 1960 онд танилцаж, үүнээс нэг жилийн дараа тэд гэр бүл болж бяцхан Обама хорвоод мэндэлж байв. Анн Дунхам Кансасаас ирсэн цагаан арьст оюутан бүсгүй байсан бол эцэг нь Кениэс дээд боловсрол эзэмшихээр ирсэн өнгөт арьст залуу байжээ. Хүүгээ төрсний дараа нэг жилийн хугацаанд Анн Дунхам Сийтлийн Вашингтоны их сургуульд суралцсан байна. Харин энэ хооронд эцэг нь сургуулиа төгсч, Харвардын их сургуульд үргэлжлүүлэн сурахаар болсон байдаг. Эцэг нь гэр бүлээ орхин явах үед бяцхан Обама ердөө хоёрхон настай байсан бөгөөд төд удалгүй эцэг эх нь тус тусын амьдралаа хөөх болсон байна. Хоёрхон настайдаа гэр бүл салалтын хохирогч болж үлдсэн бяцхан Обама түүнээс хойш 1971 онд ердөө ганц л удаа төрсөн эцгийнхээ царайг харж байсан гэдэг. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэн Анн Дунхам Индонезоос гаралтай Лоло Соёторо гэгчтэй хоёр дахиа гэрлэсэн байна. Ингээд 6-10 нас хүртлээ Обама хойд эцгийн царай харж, Индонезид амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд католик болоод мусальман шашны сургуульд явдаг байжээ. Тэр үеээ "Би индонез хүүхэд ч юм шиг, Хавайн хүүхэд ч юм шиг бас хар ч юм шиг цагаан арьстай ч юм шиг өссөн” хэмээн онцолсон удаатай. Харин дараа нь тэрбээр өвөө эмээгийнхээ гар дээр ирж, тэндээ ахлах сургуулиа төгссөн байна. Обамаг дунд сургуульд байх үед ээж нь нөхрөөсөө салжээ. Барак Обамагийн бага насны амьдрал төгс биш, их сургуульдаа тийм ч сайн оюутан байгаагүй ч, тэрбээр Нобелийн энх тайвны шагналыг хүртэж, АНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч болсон хүчирхэг удирдагч билээ.
2. Владимир Путин
Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград хотод төржээ. Түүний ээж Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин, харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байсан бөгөөд дэлхийн II дайн үед тэр НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байсан гэдэг. В.Путин хоёр ахтай байсан хэдий ч хоёулаа бага насандаа өөд болжээ. Ленинградын бүслэлтийн дараах жилүүдэд гэр бүлийнх нь амьдрал туйлын хүнд хэцүү байсан бөгөөд нийтийн байранд амьдарч байсан гэдэг. Тэнд В.Путин бүх л цагаа хонгилд харх хөөж өнгөрүүлдэг байжээ. Халуун ус, 00-ын өрөө, ванн ч үгүй нийтийн байрны таван давхрын 200 фут квадрат талбайтай давчуу өрөөнд В.Путины бага нас өнгөрчээ. В.Путин багадаа үнэхээр дэггүй хүүхэд байсан гэдэг. Ангийн нөхөд нь ч түүнийг сахилгагүй байсан хэмээн дүгнэдэг байна. 12 наснаасаа эхлэн тэрбээр бокс, каратэ, самбо, жудо, тулааны урлагаар хичээллэх болжээ. Спорт түүнд анхаарлаа төвлөрүүлэх чадамжийг олгосон төдийгүй дутуугаа дүүргэхэд нь тусалжээ. Тэрбээр багаасаа л тагнуулч болох хүсэл мөрөөдөлтэй байсан тул хуулийн сургуульд суралцан Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд ажиллах түлхүүрээ атгаж байсан байна. Энэ сонголт нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. В.Путин 1970 онд Ленинградын их сургуульд элсэн орж, таван жилийн дараа хуульч мэргэжлийн цол тэмдгээ авсан байна.
3. Ангела Меркель
Ангела Доротеа Каснер 1954 оны долдугаар сард Хамбург хотноо шашин судлаач, номлогч Хорст Каснер, Херлинд Каснер нарын гурван хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлжээ. Тэрбээр эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй аж. Эцэг нь номлогч, эх нь багш төдийгүй Социал Димократ намын цор ганц гишүүн байсан болохоор ч тэр үү Меркель шашин, төрийг баг наснаасаа л сонирхож эхэлсэн гэдэг. Мөн тэрбээр залуудаа математик, шинжлэх ухааны хичээлдээ сайн байсан бөгөөд гадаад хэлийг ч сонирхон судалдаг байжээ. 1968 онд Ангела 14 настай байхдаа Ардчилсан Герман Улсад орос хэлний олимпиадад нэгдүгээр байр эзлэн ЗХУ-д аялах эрхээр хүртэл шагнуулж байсан удаатай аж. Герман төмөр хөшгөөр зааглагдан хоёр хуваагдсан тэр үед зүүн германчууд төмөр хөшгийг нэвтлэн баруун руу гарахыг хүсдэг байсан ч, Меркелийн эцэг харин эсрэгээр зүүн Германд ажиллахаар нүүж байв. 1973 онд Меркель Лейпцигийн их сургуульд физикч мэргэжлээр элсч, 1978 онд онд сургуулиа дүүргэжээ. Мөн химийн квантын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан нэлээд чадварлаг, физикч, химич нэгэн. Тэрбээр сургуулиа төгссөнийхөө дараа 1989 онд Берлиний хана нурж, хоёр Герман нэгдэх хүртэл Ардчилсан Германы шинжлэх ухааны академид мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1990 оноос улс төрд оржээ.
4. Си Зиньпин
БНХАУ-ын хамгийн хүчирхэг удирдагчдын нэгд зүй ёсоор тооцогддог Си Зиньпиний хүүхэд насны он жилүүд тийм ч сайн сайхан байгаагүй гэдэг. Тэрбээр 1949 оны Хятадын коммунист хөдөлгөөний удирдагч Си Жонсуны хүү. Энэ ч утгаараа улс төрийн шинжтэй баривчилгаа тэдний гэр бүлийг тойроогүй. 1962 онд эцэг Си өөрийн хашиж байсан албан тушаалаасаа бууж, хол газар үйлдвэрт ажиллаж эхэлсэн байна. Харин 1968 оны соёлын хувьсгалын үеэр шоронд хоригджээ. Тухайн уед Си Зиньпин 15 настай байдаг гэдэг. Эцгээс нь салгасан жилүүд түүний амьдралын хамгийн хүнд үе байсан хэмээн хожмоо дурссан байдаг. Гэхдээ энэ бүхэн туүнийг хал үзүүлж, амьдралд тэвчээртэй, асуудлыг шийдэж чадах чадварт сургасан байна. Си дарга 1969 онд эцгийгээ хамгаалахын тулд Шааньси мужийн Лианжиах гэх хөдөөгийн жижиг тосгон руу нуүж, ажиллах болжээ. Тухайн үед амьдарч байсан гэрээ тэрбээр агуйтай адилтгасан байдаг. Агуй шиг оромжинд амьдарч худгаас ус татан цагаан будаа тариалдаг байсан аж. Энэ үеэс л Си ажилч хичээнгүйгээрээ орон нутгийн хүмүүсийн сайшаал магтаалыг хүртэх болж, улмаар улс төрийн карьераа 1971 онд Коммунист залуучуудын холбоонд элсч эхлүүлсэн байдаг. Чухам энэ мөчөөс эхлэн Си Зиньпин залуучуудын улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятадын олон муж улсад албан тушаал дэвшин ажилласан байна. Хэдийгээр 1975-1979 онд Си Зиньпин химийн инженерийн мэргэжлээр Цинхуагийн Их сургуульд сурч төгссөн ч, сургалт судалгааны чиглэлээр ажиллахыг хүсээгүй гэдэг.
5. Ким Жон Ун
Эцэг Ким Чен Ирийг нас барсны дараа улс орноо удирдах болсон Ким Жон Ун дэлхийн хамгийн залуу удирдагч, басхүү харгис дарангуйлагч гэгддэг. Түүний төрсөн он ч тодорхойгүй. Бусад ах, эгч нарынхаа адил Швейцарьт боловсрол эзэмшсэн түүний багын зураг ч бараг байдаггүй гэдэг. Швейцарьт хувийн сургуульд боловсрол эзэмшихдээ Ким Жон Ун Хойд Солонгосын элчин сайдын яамны ажилчны хүү "Пак Ун” гэх нэрээр Берний хотын Гүмлигений англи хэлтэй олон улсын сургуульд бүртгүүлжээ. Ангийнхан нь Жон Уныг ихэнх цагаа байрандаа өнгөрөөдөг, дуу цөөтэй оюутан байсан гэжээ. Мөн хошигнох мэдрэмжтэй нэгэн байсан гэдэг. Харин багынх нь зан араншинг гэрт нь тогоочоор ажиллаж байсан Кэнжи Фужиморн гэгч л дурсч байсан удаатай. Долоон насандаа машин жолоодож, 14 насандаа согтууруулах ундаа хэрэглэж явсан бяцхан Ким юм бүрийг туршиж үзэх хүсэл эрмэлзэлтэй байжээ. Кэнжи "Би тэднийд хоёр ажил хийж байсан. Нэг нь Ким Чен Ирийн сушины тогооч, мөн хүүхдүүдтэй нь тоглодог асрагч байлаа” хэмээсэн удаатай. Тиймдээ ч Ким Жон Уны талаарх тодорхой зүйлийг олон нийтэд дэлгэх цор ганц хүн юм. Зургаан наснаасаа хойш Ким Жон Ун тогоочтойгоо бүх л өдрийг хамт өнгөрүүлдэг байжээ. Хүүхэд насандаа сайн гэхээсээ илүү саар зүйлд шимтэж байсан гэх мэдээлэл байгаа ч, тэр эдүгээ дэлхийн хамгийн хаалттай, ганцаардмал улсыг толгойлж байна.
Монголын мэдээ
Б.Даваа